112-р сургуулийнхан физик, хими, биологийн иж бүрэн танхимтай боллоо

Admin 10 минутын өмнө

Буддын гүн ухааныг ерөнхий боловсролтой хослуулан заадаг нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд “Монполимет” группээс орчин үеийн физик, хими, биологийн хичээлийн кабинетыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Тус танхим нь байгалийн шинжлэх ухааны хичээлийн зориулалттай орчин үеийн тоног төхөөрөмж, байгальд ээлтэй материалаар үйлдвэрлэсэн тавилгууд, далд агааржуулалтын систем бүхий кабинет юм.

Ийнхүү Буддын гүн ухаанд шамдан суралцаж буй хүүхэд багачууд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, судалгаа хийж, аливааг олон талаас нь харж, асууж, эрэлхийлж, бие даан сэтгэх чадвараа хөгжүүлэх илүү таатай орчин нөхцөлөөр хангагдаж байна.

Тус сургуулийн онцлог нь Буддын гүн ухааны нарийн мэдлэгийг ерөнхий боловсролын суурь мэдлэгийн хичээлүүдтэй хослуулан заадаг хосолсон сургалтын хөтөлбөртэй юм.