Б.Дэлгэрсайхан: Экспортыг нэмэхээр зорьж буй тул шинэ төмөр зам нээсэн ч нүүрсний жолооч нарт харшлахгүй

Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр нээлээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээлтийн ёслолын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өглөө.

-Төслийн ач холбогдлыг та ирээдүйд хэрхэн харж байна вэ?

-Улс төр гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй төсөл юм. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замыг холбох ажил өнөөдөр биеллээ олж байна. Мэдээж олон жил дуншсан, ажлын нээлт боллоо, маргаашаас барилгын ажил эхэлнэ. Тендерт БНХАУ-ын төрийн өмчит хоёр компани орсноос “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.Тус компанийн захиралтай сая Ганцмод дээр уулзлаа. Цаг алдахгүйгээр ажлаа хийж гүйцэтгэхээр тохирсон. Үндсэндээ бидэнд нэг өдөр ч үнэ цэнтэй. Төмөр замаа ашиглалтад оруулчихвал Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

-Тээвэрлэлт яах вэ, худалдан авах тал үүнийг хариуцах уу?

-Тийм зүйл байхгүй, төмөр замынхан өөрсдөө тээврээ хариуцна. Анх гэрээ хийхдээ төмөр замын ашиглалтыг тавь тавин хувь тэнцүү ашиглана хэмээх заалт оруулсан. Өмнө нь буруу зөрүү ойлголт яваад байсан учраас гурван гэрээнээс гадна олон улсын гэрээгээ цогцоор нь хянасан. Тусдаа дахиад хэлэлцээр байгуулсан. Улмаар хэлэлцээрт нэлээд нарийн заалтууд тусгаж өгсөн.

– Бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлэх ёстой, манай талаас шалтгаалах асуудал бий юү?

-Монгол тал олон жил хүлээж байгаад урагшлуулж байгаа учраас хил гааль бүхий л асуудлыг нэлээд бодож хийсэн. Ялангуяа орж ирж ажиллах хүчийг тусгай бүс байгуулж, ажлыг нь саадгүй явуулах талаар хил хамгаалах байгууллагад үүрэг өгсөн. Мэдээж явуулын гааль ажиллана. Орж ирэх зуурмагаас авхуулаад арматур гээд бүгдийг бүртгэж, дараа нь гаалийн бүрдүүлэлт хийж, аль болохоор бүтээн байгуулалтыг зогсоохгүй саад хийхгүй байх эрхзүйн зохицуулалтуудыг хийсэн.

-Бүтээн байгуулалтын долоон цогц ажил бий. Ямар дарааллаар ажлуудаа хийх вэ?

-Зам тээврийн яам эдгээр ажлуудаас замын угсралт барилгын ажлаа л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нэг худалдан авах ажлууд бий. Тухайлбал, хил гаалийн тоног төхөөрөмж авах нь тухайн байгууллага, Сангийн яам өөрсдөө хариуцахаар хийхээр болсон. Зөвхөн барилгын ажилд л тендер зарласан.

-900 орчим тэрбум төгрөгийнхөө зардлыг хэзээ нөхөх юм бэ, сайдаа?

-Анх 979 тэрбум байсныг буулгаад 840 тэрбум төгрөгийн тендер зарласан. Жилд 30 сая тонноор бодоход 1-2 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоо бий. Төмөр зам бол хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл, төмөр зам холбогдчихвол өргөн царигаараа 30 сая тонн, нарийн царигаараа 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцож байгаа юм.

-Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах үндсэн чиглэл нь дараа дараагийн боомтуудыг холбох ажлыг авч үзнэ гэсэн байгаа. Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орох юм биш үү?

-Ганцмод барилгын ажил эхэлмэгц бусад боолтын хил холболтын ажлын хэлэлцээр явуулж эхэлнэ гэж хэлэлцээрт заасан. Үүний дагуу өөрийн чинь хэлсэн Сэхэ-Шивээхүрэн боомтын холболтын асуудал бол үндсэндээ 300 метрийн л зай бий. Уг 300 метрийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шууд холбоно. Сая Ерөнхий сайд ширээний ард уг асуудлыг ярилаа. Энэ ажлыг үргэлжлүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тиймээс Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой.

-Бас Хятадын тал ТЭЗҮ гаргаад, өөрсдөө барих уу?

-Үгүй ээ, анхнаасаа Монголчууд өөрсдөө барьсан. Тодруулбал, Сэхэ-Шивээхүрэнг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хил дотроо баригдсан нарийн царигийн байгууламж. Одоо бол хил дотроо холбоход 300-гаад метр үлдсэн. Бид газар дээр нь очиж үзсэн. Монголын компани өөрсдөө хийгээд холбочихоор ажил юм билээ.

-Төмөр зам ашиглалтад орсны дараа нүүрс тээврийн компаниудын эрх ашиг яригдана. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид нүүрсний экспортыг аль болох нэмэгдүүлэхээр зорьж буй тул авто тээврээр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт ямар нэг харшлах зүйл байхгүй. Түрүүн Ерөнхий сайдын хэлсэн үгэнд бүх төмөр замыг холбосон ч төмөр зам, болон авто машинтайгаа нийлээд 165 сая тонн хүрнэ гэж дурдагдсан. Тиймээс авто тээвэрт харшлах зүйл байхгүй. Харин эсрэгээрээ авто тээвэр, төмөр зам хоёулаа л ажлын байртай байна гэсэн үг.

-Галт тэрэг, зүтгүүрийн асуудал давхар яригдах байх тийм үү?

-Зүтгүүр яах вэ, сая та бүхэн Тавантолгой төмөр зам Монголын төмөр зам руу дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнээ шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулаад Тавантолгой төмөр замд 20 гаран шинэ зүтгүүр бий. Дээр нь нэмээд Монголын төмөр замд 7 зүтгүүр бий. Ер нь зүтгүүрийн хувьд ч вагоны хувьд ч хангалттай. Шаардлагатай гэж үзвэл тавцант вагон авна. Өргөн царигтай холбогдож нутгийн гүн рүү орж байгаа учраас аль болохоор задгай вагоноор ачна гэсэн үг. Нарийн цариг дээрээс бол шууд цаашаа хилийн гүн рүү явж байгаа учраас одоогийн чингэлгээр ачих юм. Өргөн царигаар шууд гараад Хятадын талын Ганцмодонд байгаа байгууламжид шууд хөмрөх төхөөрөмжөөр буулгаад эргээд цаашаа нарийн царигийн вагонд ачих байгууламжтай юм билээ.

-Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэх бараа эргэлтийн хэмжээ хэдэн хувиар нэмэгдэх вэ?

-Өнгөрсөн жил бид 80 гаруй сая тонн нүүрс экспортолсон. 165 саяд хүргэнэ гэдэг өнөө маргаашийн ажил биш. Энэ бүтээн байгуулалтыг яаж ч шахаад 22 сард багтаан хийнэ хэмээн тохирч гэрээнд зурсан. 2-3 жилийн ажил байна. Гэхдээ Монгол, Хятад хоёр талаасаа аль болох хурдан барих нөхцөлийг бүрдүүлбэл, үүнээс илүү богино хугацаанд хийнэ гэж байгаа юм.

-Төмөр зам ашиглалтад орсноор өөр бараа тээвэрлэх боломжтой юу?

Төмөр зам ашиглалтад орсноор хил дамнасан биш, нэг талдаа 70 жилийн өмнө ашиглалтад орж байсан Замын-Үүд, Эрээний төмөр замтай ижилхэн байгууламж учраас урдаасаа ялгаа байхгүй, импортын ачаа авах боломжтой. Барилгын материалаас авхуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд хүний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг урдаас авах боломжтой.

-Зорчигч тээвэр яах бол?

-Одоохондоо яригдсан зүйл байхгүй. Яагаад гэвэл эхний зорилго бол нүүрсээ экспортлох тээврийн зориулалтаар баригдах л төмөр зам. Яваандаа зорчигч тээврийг өөр хэлбэрээр шийдэх байх.

-Бүтээн байгуулалттай холбоотой төмөр замын шинэ агентлаг байгуулсан гэж сонссон?

-Төмөр замын агентлаг хуучин байсан. Монгол Улс олон төмөр замтай болж байгаа учраас дахин шинээр байгуулж байгаа юм. Тэгэхгүй бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагынхаа харьяанд орчихоор эрх нь нөгөө талдаа орчхоод илүү давамгай байгаа болохоор энэ удаа өрсөлдөөний хууль, монополын эсрэг энэ асуудлыг шийдэх үүднээс Монголын төмөр замын агентлаг байгуулсан гэдгийг хэлье.

-Ажиллах хүчээ яах вэ?

-Мэргэжилтэн хангалттай бий. Өмнөговь аймгийн техник мэргэжлийн коллеж дээр вагон үзэгч, замын ангиудтай. Бид очиж газар дээр нь танилцсан. Нэмж мастер, техникч, инженер бэлтгэхээр санамж бичиг байгуулахаар ярилцсан. Ирэх долоо хоногт коллежийн захирал Улаанбаатар хотод ирнэ ээ. Аль болох орон нутагт боловсон хүчнээ бэлдэхийг зорьж байна.

-Нүүрсний үнэ буувал яах вэ?

-Нүүрсний үнэ буухаас хүссэн хүсээгүй, тээврийн зардал өөрийн өртөгтөө очно. Ер нь ашиг олохыг байя гэхэд ажилтай байхыг нүүрсний жолооч нар илүүд үзэж байна. Таван цаас нь амьдралд хэрэгтэй гэж хэлсэн.

-Дотоодын тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн давуу байдал үүсэх үү?

-Үүний бид шийдэж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-д бид “Та нар олборлолтоо хийгээд ачилтаа л хий. Битгий тээвэрт оролц гэсэн. “Эрдэнэс Тавантолгой” тээврийн тендер зарласнаас болж ийм давуу байдал үүссэн.