Энэ байшинд Монголын гутлын зах зээлийн 30 хувийг хангах боломжтой

Монголын хамгийн том размертай гутал хаана байдаг гээч. Их хотын үйлдвэрийн баруун бүст 1134 ам.метр байрны яг үүдэнд. Хэдэн размер гэж үү. 320 размер гэсэн. Монгол залуусын үхрийн ширээр урласан хүрэн өнгөтэй цэмцгэр ботинк хажуудаа “Дэлхийд үнэлэгдэх Монгол гутал” гэсэн малгай үгтэй. Харин эсрэг хананд нь “Би гутал хийх гэж төрсөн” гэсэн бичигтэй, сармагчнаас үйлдвэрлэл эрхлэгч хүртэлх цаг хугацааг төлөөлсөн зурагтай.
Тийм ээ. Энэ байшинд гутал үйлдвэрлэдэг байх нь. Монгол, Итали, европ үхэр, ямааны арьсаар бүтдэг, Афганистан, Судан гээд Монгол цэргийн хөл хүрдэг газар өмсгөгддөг, -40 хэмд эргүүлийн цагдаа, тайга, цөлд харуулын цэргүүд өмсдөг, уул уурхай, зам тээврийнхний ч хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын гутлыг олон өнгө загвараар үйлдвэрлэдэг юм байна. Хадаас нэвтэрдэггүй, чийг татдаггүй, хоншоор нь 200 джоуль даадаг, өсгийндөө зөөлөвчтэй, цахилгаан дамжуулдаггүй гээд танилцуулга нь зузаан. Тиймээс ч Солонгос, Орос зэрэг улсаас ажлын гутал олон мянгаар нь захиалах санал ч ирдэг байх нь.
“Бэст шөүс” үйлдвэр гоёлын арьсан гутал, цүнхний нэгдсэн үйлдвэрлэлээ түр хойш тавьж хөдөлмөр хамгааллын гуталнуудыг өдөрт 400-аар нь үйлдвэрлэж байна. Гэхдээ зөвхөн танд, цор ганц, цөөхөн гэсэн тусгай үйлдвэрлэл нь хэвээрээ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглавал Монголын гутлын зах зээлийн 30 хувийг хангах боломжтойг үйлдвэрийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвдэнням Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулинд танилцуулав. Монголчууд бид чинь гутлынхаа 90 гаруй хувийг гаднаас авдаг гэхээр ямар хэмжээний хөрөнгийг авч үлдэж болох нь вэ. АХБ өөрийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдийг олон нийтэд танилцуулах аянаа өнгөрсөн 06 сарын 24-ний өдөр “Бэст шөүс” компаниас эхэлсэн нь энэ юм.

Хөнгөлөлттэй зээл хатуу шалгууртай

2019 онд тус компани АХБ-ны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангаж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн дамжлагуудын зөрөө арилгах техник суурилуулж, ашиглалтаа өсгөж, шинэ лабораторио нээжээ. Мөн ажилтнуудаа 20 хувиар нэмж, бүтээгдэхүүнүүдээ ч хөгжүүлсэн байна. ISO стандарт хэрэгжүүлж удирдлагын тогтолцоо, менежментийг сайжруулж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг гутал үйлдвэрлэлийн салбартаа анхлан нэвтрүүлсэн гэлээ.
Дотоодын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээж байгаа эсэх, бараа бүтээгдэхүүн нь импортыг орлох, экспортод гарах чадамжтай, ажилчдынхаа асуудлыг шийддэг, хамтдаа хөгждөг, хүний эрх, жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлдэг, хүйсээр ялгаварладаггүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлтэй, бизнес нь өргөжиж хэрэгжих боломжтой байх гэсэн томоохон шалгууруудыг хангаж байж сая үйлдвэрлэгчид АХБ-ны урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагддаг байна. Эдгээр нь АХБ төдийгүй дэлхий нийтийн зориод байгаа Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх түншлэл, хамтын ажиллагааны суурь зарчим, үндсэн шалгуур болоод буй. Одоогоор эдгээр шалгуур хангасан үндэсний 45 үйлдвэрлэгч нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Б.Түвдэнням: Би гутал хийх гэж төрсөн

Ханан дээрх энэ бичгийн учир тайлагдав. “Бэтс шөүс” үйлдвэрийн захирал Б.Түвдэнням өөрийгөө хоббигоо ажил болгож яваа азтай нэгэн гэж тодорхойлдог юм билээ. Бас “2014 онд би газар дээр гарч ирсэн” гэж зүгээр ч хошигноогүй юм байна. Тэр 16 настайдаа ТМС-д элсэж гуталчин мэргэжлээр сурч төгсөөд том газрын ажилтан болжээ. Гэвч удалгүй үйлдвэр нь дампуурч, гутал зүүгээ барьсаар байрныхаа тагтан дээр гарав.
Дараа подвол, түрээсийн байр гэж нүүсээр. Ингэж нүүсээр 13 жилийн дараа, 2014 онд үйлдвэрийн шинэ байрандаа гар нийлсэн залуус, конверийн дамжлага бүхий шинэхэн техниктэй төвхнөв. Одоо бол тэд үйлдвэр нь мэргэшсэн, өндөр ур чадвартай 100 гаруй ажилтантай Монгол брэнд үйлдвэрлэгч. Монголчууд бидэнд итгэл хэрэгтэй. Бид чинь авьяастай, чадвартай ард түмэн.

Сэтгүүлч Д.Даваадулам