Найрсаг харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсны 105 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн 2026 он бол БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ойг тэмдэглэх жил. Эдгээрт зориулсан «ОХУ ба Монгол Улсын хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам» олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал амжилттай боллоо. Тодруулбал, «ОХУ ба Монгол Улсын хоорондын найрсаг түншлэл, харилцан туслалцааны зам» олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК-д өнгөрсөн өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үйл явдлын эхэнд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, Улаанбаатар дахь Русскийн дом-н орлогч захирал Каламин Александр Ильич эрдэмтдэд хандан, мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн билээ.
Мөн А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн тэргүүлэх мэргэжилтэн Паппинен Иван Евгеньевич хэлсэн үгэндээ түүхэн ой санамжаа уламжлан хадгалж, ирээдүйн хойч үедээ дамжуулах нь чухал гэдгийг тодотгоод, ОХУ ба Монгол Улс нь олон жилийн турш сайн хөршийн ёсоор хамтран оршин тогтнож, бие биедээ туслан дэмжиж ирснийг дурдлаа. Энд онцлоход А.М.Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэхүү хурлыг зохион байгуулсан юм.
Уг хуралд ОХУ-ын Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болох:
-ОХУ-ын ШУА-ын Орчин үеийн Ази ба Хятад судлалын хүрээлэнгийн монгол судлалын секторын удирдагч, ОХУ-ын ШУА-ын Монгол судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, НҮБ-н Нүүдлийн иргэншил судлалын Олон улсын хүрээлэнгийн зөвлөх хорооны гишүүн, Монгол судлалын олон судлалын холбооны гишүүн, улс төрийн ухааны доктор Железняков Александр Сергеевич,
– Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал, улс төрийн ухааны доктор, профессор Родионов Владимир Александрович,
– Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн улс төр, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч, нийгмийн ухааны доктор, профессор Бадмацыренов Тимур Баторович болон бусад эрдэмтэн судлаачид
Монголын талаас:
-Түүхийн ухааны доктор, профессор Н.Ганбат
– БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Э.Очхүү
– Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Н.Наранжаргал
– Монгол Улсын ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар оролцож сонирхолтой илтгэл толилуулсан нь залуус иргэдийн оюун санаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Доктор, профессоруудын илтгэлүүдээс зарим хэсгүүдийг сонирхол татсан иш татъя. Тухайлбал, эрдэмтэн Железняков А.С “ОХУ ба Монгол Улсын найрсаг түншлэлийн түүхэн эх сурвалж” илтгэлдээ олон зууны турш Төв Азийн орон зайнд монгол, орос, хятадын иргэншил нэгэн дээвэр оршиж ирсэн бөгөөд манай эриний өмнөх III зуунаас нүүдлийн монгол угсааны төрт улсууд, эзэнт гүрнүүд нь янз бүрийн гарал угсаа, ахуй амьдрал, соёл, шашин шүтлэгтэй овог аймгуудыг нэгэн төвлөрсөн засаглалд нэгтгэж ирснийг дурдлаа. Тэрбээр Монголын нүүдэлчний иргэншил нь хүн ам, эдийн засаг, цэргийн хүчээр давуу хоёр их гүрэнд залгигдалгүй, өнөөг хүртэл оршин тогтнож ирсэн нь олон зууны турш хүчирхэг, биеэ даасан бодлого явуулж, Төв Азид төдийгүй дэлхий даяар орон зайг эзэлж ирсний үр дүн хэмээн дүгнэв.
Мөн доктор, профессор Родионов В.А “Дайны дараах үеийн зөвлөлт- монголын харилцааны үзэл суртал-шашны үзүүлэлт” илтгэлдээ олон улсын тавцан дээр жижиг улс чухал үүрэг гүйцэтгэсээр байгааг Монгол Улсын жишээгээр харуулав. БНМАУ-ын үзэл суртлын том ололтуудын нэгнээс дурдахад, 1945 оны Чөлөөлөх дайны үед кирилл үсгээр гардаг “Үнэн” сонин уйгаржин монгол бичгээр 34 000 хувь хэвлэгдэн Өвөр Монголын ард түмний дунд тараагдаж бүх монголчуудын эв нэгдлийн илрэл болж байв. 1950-аад оноос Япон Улс нь цөмийн зэвсгийн эсрэг дэлхий дахины хөдөлгөөний толгойлогчдын нэг болсон тул БНМАУ нь Токио руу лам нар орсон төлөөлөгчдээ явуулсан байна. 1970 онд Улаанбаатар хотод “Азийн буддистуудын энх тайвны бага хурал” олон улсын шашны байгууллагыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав санаачлан үүсгэн байгуулсан нь тус улсын гадаад бодлогодоо буддын шашны нөлөөг ашигласан тод жишээ аж. Түүнчлэн Хойт Солонгос Улстай найрсаг харилцаа тогтоон, солонгосын дайны үед тусламж үзүүлж, Вьетнам, Бангладеш, Энэтхэг улсуудтай харилцаа холбоо тогтоон улмаар дипломат ёсны үйл ажиллагаагаа өндөр түвшинд явуулж байсныг тодотголоо.
Тэгвэл доктор, профессор Бадмацыренов Т.Б “Орос-Монголын харилцаан дахь буддын шашин: өнгөрсөн ба ирээдүй” илтгэлдээ 300 гаруй жилийн турш буддын шашны Орос Улсын Дорно дахины гадаад бодлогод үзүүлж ирсэн үр нөлөө, Буриадын шашин, нийгмийн гайхамшигт зүтгэлтэн Агван Доржиевын үйл хэрэг, орчин үеийн шатанд буддын шашин хэрхэн тус хоёр орны харилцаанд тодорхой орон зай эзэлж буйг танилцуулав. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), хошууч Э.Очхүү “УЛААН АРМИД МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ ЦЭРГЭЭС үзүүлсэн тусламжийн асуудалд” тавьсан илтгэлдээ олонд илрээгүй баримт болох МАХЦ-аас Улаан армид үзүүлсэн тусламжийн судалгааг Улаан-Одон сонингийн дугааруудад бичигдсэн бэлэглэлийн талаарх материалууд ба цэргийн анги, байгууллага, алба хаагчдын баримтан дээр үндэслэн гаргаснаа толилуулав.
Мөн доктор Н.Наранжаргал “Монгол Улс ба ОХУ-ын хооронд найрсаг харилцаа тогтоосны 105 жилийн ой: Алтанбулаг дахь бүтээн байгуулалтууд, Алтанбулаг-Хиагтын хилийн боомтын түүхэн хөгжил, өнөөгийн байдал” сэдвээрээ 1727 онд сууриа тавьсан уг боомтын хууль эрх зүйн нөхцөл, улс төр, эдийн засгийн ач холбогдлоос дурдан Алтанбулаг-Хиагт нь тус 2 орны харилцааг судлах “орон нутгийн лаборатори”-тай адилтган хамтын ажиллагааны хэлбэр өөрчлөгдөж ирсэн ч гол үндэс болох-хил, худалдаа, хүн амын хоорондын харилцаа, ажил мэргэжлийн холбоо уламжлагдан хадгалагдаж ирснийг өгүүлэв.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мөнхцэцэг “Монгол Улсад дээд боловсрол, орос хэлний сургалтын тогтолцоо бүрэлдэн тогтоход ЗХУ-ын гүйцэтгэсэн үүрэг” илтгэлдээ 1921 оны ардын хувьсгалын ялалтын дараа боловсролын систем бий болгох, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд ЗХУ байнгын тусламж дэмжлэг үзүүлж ирсэн ба тодорхой үе шатыг дамжин хөгжиж ирснийг харуулав. 1940-өөд оноос багшийн сургууль, 1942 онд МУИС, 1953 онд Багшийн дээд сургууль, 1979 онд Орос хэлний дээд сургууль байгуулагдан 1957 онд хүн амын 93,4 хувь нь бичиг үсэгт тайлагдаж, 70 000 гаруй Монгол Улсын иргэд ЗХУ ба ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн үзүүлэлт тогтоосныг дурдлаа. Түүхийн ухааны доктор, профессор Н.Ганбат цаашид хамтын эрдэм шинжилгээний судалгаа, хамтын бүтээл гаргаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн залуучууд, ард түмний хүртээл болгох талаар санал, уриалга гаргаснаар эрдэм шинжилгээний өндөрлөв.


-274° C
0 cэтгэгдэлтэй