“Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэй шүүгчдийн сүлжээ” хуралдаанд оролцов

Admin 11 минутын өмнө

“Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэй шүүгчдийн сүлжээ” техникийн туслалцааны хөтөлбөрийн анхдугаар зөвлөлдөх хуралдаанд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол Улсын шүүхийн эмэгтэй шүүгчдийн төлөөлөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг нар амжилттай оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банкны Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь Ази, Номхон далайн бүс нутгийн шүүхийн тогтолцоон дахь эмэгтэй шүүгчдийн манлайллыг дэмжих, харилцан туршлага солилцох, шударга ёсны тогтолцоог илүү үр дүнтэй, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй болгох зорилготой юм.

Тус бүс нутгийн төлөөлөл болсон 12 шүүгчээс бүрдсэн Зөвлөх хорооны удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү Зөвлөх хорооны гишүүнээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн сонгогдон ажиллаж байна.

Чуулга уулзалтын “Шүүх дэх эмэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй ба олон нийтийн итгэл” сэдэвт хэлэлцүүлгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн Зөвлөх хорооны гишүүний хувиар Тайланд, Индонези улсын шүүгч, тус хорооны гишүүн Хатагтай Сантария Муанпавонг, Нани Индравати нарын хамт даргалж,  “Монгол Улсын шүүхийн шинэтгэл: Шүүхийн цахимжилт, үйл явц, нэвтрүүлэлт дэх эмэгтэй шүүгчдийн оролцоо, манлайлал” сэдвээр илтгэл тавьж, харилцан туршлага солилцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хөтөлбөртэй хамтран Монгол Улсын эмэгтэй шүүгчдээс авсан судалгааны үр дүнд суурилан тодорхой сэдвээр эмэгтэй шүүгчдэд зориулсан уулзалт сургалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөж байна.