Шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна

Admin 16 минутын өмнө

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй Монгол Улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файк-тай уулзав. Уулзалтаар Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явц болон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
 2023 оны 8 дугаар сард байгуулсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг Монгол Улсын холбогдох байгууллагууд ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 2026 оны 2 дугаар сард байгуулсан Техникийн туслалцааны гэрээгээр АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн 2.2 сая ам.долларын буцалтгүй тусламж болон “Викс” группийн 390 мянган ам.долларын санхүүжилттэй төслийг 2026 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж байна.
 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын зам, тээврийн салбарт АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй олон чухал төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч энэхүү хамтын ажиллагааг төмөр зам, далайн тээвэр зэрэг бусад салбарт тогтвортой үргэлжлүүлж, дэд бүтэц, тээврийн салбарын чадавхыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
 АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файк Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог үнэлж, дүрэм, стандарт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, улмаар хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, талуудын сонирхсон бусад чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.