
“П.Батчулуун эмчийн зүрхний 33 хувь нь л ажиллаж байна” гэх мэдээллийг О.Сэргэлэн эмч өглөө. Тодорхой хэлбэл, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууны өмгөөлөгч болон УНТЭ-ийн Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч Л.Ганболд, О.Сэргэлэн, Д.Чулуунбаатар болон бусад эмч мэргэжилтнүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн үргэлжлүүлэн “Бид анх 2011 онд элэг шилжүүлэн суулгаснаас хойш УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 хүнд тархины үхэлтэй донороос элэг шилжүүлсэн байна. Энэ нь ердөө таван хувь юм. Бусдад нь дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах алба 2018 онд байгуулагдсан. Уг алба байгуулагдсанаас хойш 270 гаруй хүний ар гэрт донор болох санал өгсөнөөс 31 хүний ар гэрээс тархины үхэлтэй донор болохыг зөвшөөрсөн.
Тархины үхэлтэй донорын хүлээлэлтын жагсаалт гэж бий. Яг өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах багт элэгний үйл ажиллагаа нь эдгэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад хэвтэж байна” гэж хэлэв.
Дараа нь П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат “Аливаа хэрэг маргааны хуулиар зохицуулдаг. Гурван шатны шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульч хүний хувьд хүндэтгэлтэй хандаж буй. Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн өөрийн байр суурь, мөн өмгөөлөгчийн хууль хэрэглээний талаарх байр суурийн хүрээнд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг танхимаар авч хэлэлцэх зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ хэрэг маргааны хувьд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт байгаа. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т зааснаар Эрх зүйн шинэ ойлголт, эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан байвал Улсын дээд шүүх танхимын хуралдаанаар авч хэлэлцэх хуулийн зохицуулалтай. 2002 онд анх эрүүгийн хуульд хүний эд эрхтэнийг хууль бусаар авах нь гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг. 2002 оноос хойш 22 жилийн хугацаанд Монголын шүүхийн практикт ийм хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаагүй. Иймд дээд шүүх шинэ хуулийн зохицуулалтын энэ тохиолдлыг авч хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэхээс тухайн зүйл ангийн хэргийг ингэж шийдвэрлэж болох юм гэсэн шүүхийн практик тогтоно” гэлээ.
0 cэтгэгдэлтэй