510,579 хүн хэрэглэх хэмжээний мансууруулах бодис хураажээ

 

Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг манайд улсад гаарсан. Тэр дундаа үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, иргэдийн амь, эрүүл мэндэд ноцтой заналхийлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт нэмэгдэж, үүнтэй тэмцэхэд хуулийнхан хүчин мөхөстөөд буй. Улмаар тэртээ 2002 оны хууль ул болж, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах шаардлага тулгарсан. Тиймээс УИХ-аас өнөөдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлжээ.

Гэмт хэргийн арга хэлбэр эрс өөрчлөгдөж, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлт, тэдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчил тогтмол нэмэгдэж байгаа нь уг харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн аж.

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 2422 хүн холбогдсон. Тэдгээрийн 86 гаруй хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа аж. Дээрх хугацаанд 2018 зөрчил бүртгэгдэж, нийт 1976 хүн холбогдсон бөгөөд тэдгээрийн ихэнх нь залуус ажээ. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувь, зөрчил 26.6 хувиар өсжээ.

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын төрөл, хэлбэр өөрчлөгдөж, ургамлын гаралтай бодисоос гадна синтетик мансууруулах бодис болон урвуулан хэрэглэдэг эм, бодисын хэрэглээ нэмэгдсэн. Тодруулбал, 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, эм, ахуйн хий зэрэг бодис хэрэглэсний улмаас 49 хүн нас барсан талаарх баримтыг дурдав.

Мөн хугацаанд 17 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис их хэмжээгээр хураагдсан бөгөөд тэдгээрийг хэрэглээний тунгаар тооцвол ойролцоогоор 510,579 хүн/тун болох аж.

Дээр дурдсан нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг харгалзан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгохоор төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулав.

“Энэ төсөл нь монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудын эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл юм” хэмээн С.Амарсайхан сайд тэмдэглээд, хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого илүү тодорхой, уялдаа холбоотой, үр нөлөөтэй хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, ирээдүй хойч үеэ хар тамхи, мансууруулах бодисын аюулаас хамгаалах баталгаа бүрдэхийг онцоллоо.

Мөн Монголд ургадаг зарим төрлийн ургамлын талаар тодруулахад тэдгээр ургамлыг зөвхөн хадаж устгах биш, дахин ургахгүй болтол бүрэн устгах олон улсын аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ Хавдар болон бусад өвчний үед хэрэглэдэг сэтгэцэд нөлөөт 36, мансууруулах 14 төрлийн эмийг жагсаалтаар баталсан байна.  Өөрөөр хэлбэл, энэ төрлийн зарим эмийг урвуулан ашиглах эрсдэлтэй тул жорыг цахимаар олгож, хяналтыг чангатгасан байна.

Хэрэглэгчид буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай донтогчдыг барьж, ял шийтгэл оногдуулах нь түгээмэл болсон. Гэтэл 2023 оноос үйл ажиллагаагаа явуулсан Архидан согтуурахтай тэмцэх санд 23 тэрбум төгрөг төвлөрсөн атал тус сангаас донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр зарцуулаагүй аж. Тиймээс зарим хуульд өөрчлөлт оруулж, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бодлого, үйл ажиллагааг дээрх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх зохицуулалт тусгажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын гаалийн хяналт, илрүүлэлт ямар түвшинд байна вэ.

“Гааль болон тагнуулын байгууллага энэ чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Гаалийн байгууллагад 2025 онд 11 тэрбум, 2026 онд 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, рентген болон лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Улмаар Турк, Польш зэрэг улсад байрлалтай олон улсын сүлжээ бүлэглэлүүдийг илрүүлэх чиглэлээр гадаад улс орнуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Өндөр зохион байгуулалттай, асар их хэмжээний мөнгө эргэлддэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тусгай арга, ажиллагаа, маш сайн бэлтгэгдсэн хүний нөөц, тусгай алба шаардлагатай болжээ. Ийм учраас Засгийн газраас Хар тамхитай тэмцэх албын үйл ажиллагааг өргөжүүлж газар болгож, шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хуваарилж байгаа гэнэ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд алба хаагчдыг мэргэшүүлэх, тухайн байгууллагын хүчин чадал, чадавх, хүний нөөцийг бэхжүүлэх шаардлагатай бөгөөд олон улсын хамтын ажиллагаа маш чухал аж. Тиймээс НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Суурин төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа, худалдан борлуулж байгаа этгээдэд хүлээлгэх ялын бодлогыг олон улсын жишгийн дагуу чангатгахаар төсөлд тусгасан байна.

Тодруулбал, олон улсын жишгээр худалдан борлуулахаар хадгалсан, тээвэрлэсэн бодисын тун, хэмжээнээс хамаараад оногдуулах ял харилцан адилгүй. Тийм учраас байнга давтаж, бүр зохион байгуулалттайгаар үйлдэж байгаа, үүнд оролцож байгаа албан тушаалтнуудад хүлээлгэх ялын бодлогыг чангатгахаар хуулийн төсөлд тусгажээ. Насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар асуусан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд “Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэж зүйл анги байгаа. Энд ялын санкц нь торгох, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн сонгох хувилбартай байгаа. Хүүхэд нас барсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь 5-12 жилийн хорих ялтай. Үүнийг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үр нөлөөг нь харгалзаад “согтуурах”, “мансуурах”, “донтох” гэдгээ ялгах нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн аюулын шинж чанараар хүүхдийг мансуурах байдалд татан оролцуулах илүү аюултай гэмт хэрэг, хүнд хор уршигтай учраас хүлээлгэх хариуцлага, ялын бодлогыг чангатгаж байгаа юм. Тодруулбал, сонгох санкцгүйгээр 2-8 жил хорих ял, эрүүл мэндэд хохирол учирсан бол 5-12 жилийн хорих ял оногдуулах юм байна.