“Festival Lirico dei Teatri di Pietra” буюу Чулуун театруудын дуурийн фестивалын 63 дахь удаагийн наадамд 50 жилийн дараа дахин тавигдаж байна. Энд тавигдсан Набукко дуурийн гол дүр Набукко хааны дүрд баритон МУГЖ Ч.Бадрал, их тахилч Заккариагийн дүрд басс-баритон МУГЖ О.Хүрэлбаатар нар хамтдаа гоцлон түүх бүтээв. Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийн цөм, олон зуун жилийн баялаг уламжлалтай өлгий, хөрс нь болсон Италийн задгай театрууд, түүхэн фестивалиудын тайзнаа өнөөдөр Монголын дуучид тэр дундаа баргил хоолойтой эрчүүд чансаа, чадвараараа цойлон мөрөө үлдээсээр буй. Эртний чулуун задгай театрын өвөрмөц акустик, асар том орон зай, мянга мянган үзэгчийг микрофонгүйгээр вокалын техник, хоолойн бяд чадал, цараа, дууны тусгалаар эзэмдэхийг шаарддаг энэ амаргүй тайзуудад монгол дуучдын цуваа ар арасаа түрэн түгсээр байна. Үүний хамгийн сүүлийн сайхан жишээ гэхэд сая 7-р сарын 18-нд Италийн Сициль арлын Сиракузагийн Грек театрт (Teatro Greco di Siracusa) тавигдсан Ж.Вердийн “Набукко” дуурийн тоглолт байв. “Festival Lirico dei Teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестивал)-ын хүрээнд тавигдсан Ж.Вэрдийн “Набукко” дуурьт Монголоос хоёр дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдэд гоцлон дуулсан нь анх удаа Монголын дуучид хамтдаа Италийн эртний задгай чулуун театрт Монголын нэрийг хоёронтоо тодогон харуулсан онцлог үйл явдал болов. Тэд бол дээр дурдсан МУГЖ, баритон Ч.Бадрал, басс-баритон МУГЖ О.Хүрэлбаатар нар билээ.
Ч.Бадралын тухайд ингэж бичжээ:
“Тоглолтын супер од нь Набуккод амилсан Чулуунбаатарын Бадрал байв. Тэрээр эзэрхэг атлаа соронзон мэт татах увидастай, сэтгэл татам Набуккогийн дүрийг бүтээжээ. Түүний хоолой нь хүчирхэг агаад өргөн дуулалттай, хөгжмийн өгүүлбэр-фраз тодорхой сайхан бөгөөд дууны тусгал, цараа асар өндөртэй ажээ. Түүнчлэн түүнд тайзны сүр жавхлант, эрхэмсэг чанар (“gravitas”) цогцолсон нь тайзыг бүрэн эзэмдэж, баатрынхаа дотоод хувьсал буюу эзэрхэг, догшин хаанаас эхлэн унан доройтож, эцэст нь ухаан бодол ба итгэл бишрэлээ эргүүлэн олж авч буй сэтгэл зүйн нарийн өрнөлийг тун оновчтой, үнэмшилтэйгээр дэлгэн харуулж чаджээ. Тэрээр тайзнаа үнэхээр чухал, жинтэй орон зайг эзэлж байлаа.” хэмээсэн.
Мөн Заккариагийн дүрд дуулсан О.Хүрэлбаатарын тухайд:
“Хүрэлбаатар нь тайзны илэрхийллийн хувьд асар их удирдан дагуулах чадвартай, сүр жавхлант Заккариагийн дүрийг бүтээжээ. Түүний хоолойн цар сонордоход гэрэлтэй, тод тусгалтай байв. Мөн доод регистртээ амьсгааны тулгуур болон дууны цул чанараа заримдаа алдах талтай байснаас биш, бусад үед тухайн өнгөний тууштай бөөрөнхий байдлаа (“rotondità”) хангалттай хадгалж байлаа. Ерөнхийдөө тэрээр их тахилчийн сүр жавхланд нийцсэн, үнэмшилтэй араншин бүхий дүрийг бүтээж чадсан юм.” хэмээжээ.


22° C
3590.58
0 cэтгэгдэлтэй