Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам сайхан болж өнгөрлөө. ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Ю.Ивахин Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож “Эрдэнэт хотын түүх бол бидний амжилтын түүх” хэмээн онцоллоо. Тэрбээр цааш нь “Эрс тэс уур амьсгалтай, хүн амьтангүй шахам эзгүй хээр талд дэлхийн хамгийн том зэс-молибдений уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон ижил нэртэй орчин үеийн хотыг түүхэн богино хугацаанд барьж байгуулсан юм. Эрдэнэт хотыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүч хөдөлмөрөөр байгуулсан нь хэнд ч нууц биш бөгөөд хотын ерөнхий төлөвлөгөөг архитектор Леонид Вавакинаар ахлуулсан баг боловсруулсан. Тэрээр хожим нь Москва хотын ерөнхий архитектор болсон юм. Эрдэнэт хот үүсэн байгуулагдаж байсан хөгжлийн эхний үе шатанд хотын хүн амын дийлэнхийг Зөвлөлт Холбоот Улсын иргэд бүрдүүлж байсан нь бэлгэдэлтэй. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажилд Зөвлөлт Холбоот Улсын 170 хотоос ирсэн 20 мянга гаруй хүн оролцсон юм. Цэргийнхэн, барилгачид, эмч нар, төмөр замчид, мэдээж уурхайчид гээд бүгд хамтдаа монгол нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллаж, шинэ хотыг сүндэрлүүлэн босгоход өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ” хэмээжээ.
Үргэлжлүүлэн Түүнчлэн энэ үйл явдалд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсаас БНМАУ-д сууж асан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Семён Николаевич Щетининий гүйцэтгэсэн үүргийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Тэрээр Аугаа эх орны дайны жилүүдэд Донецк мужийн намын нууц хороог удирдаж байснаараа алдартай нэгэн билээ. Семён Николаевич ЗХУКН-ын Төв хороонд асар нэр хүндтэй байсан бөгөөд түүний хүчин чармайлтын ачаар 1960-аад оны сүүлчээр уулын баяжуулах үйлдвэр байгуулах тухай шийдвэрийг Зөвлөлтийн удирдлагаар шууд гаргуулж чадсан юм. Өнөөдөр Эрдэнэт хот нь Монгол Улсын аж үйлдвэр, эдийн засаг, соёлын тэргүүлэх төвийн нэг, “Эрдэнэт” үйлдвэр Азийн уул уурхайн томоохон цогцолбор, үндэсний эдийн засгийн тулгуур үйлдвэр хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр Орос-Монголын хамтарсан үйлдвэр байхаа больсон нь харамсалтай ч үйлдвэр, түүнтэй ижил нэртэй хот аль аль нь Орос, Монголын найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг хэвээр үлдэж, хагас зууны өмнө тавигдсан сайхан уламжлал нь иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаанд тулгуурласан Орос-Монголын харилцааны тасралтгүй хөгжилд найдвартай түшиг тулгуур болсоор байна.
Эрхэм хүндэт анд нөхөд өө!
Та бүхний энэ сайхан хотод энх тайван, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Мөн 50 жилийн өмнө ч, өнөөдөр ч Эрдэнэт хотыг байгуулж, хөгжүүлэхэд гар бие оролцсон, өнөө ч оролцсоор байгаа хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баярын мэнд хүргэе!” хэмээв.


19° C
3590.58
0 cэтгэгдэлтэй