ШУТИС төгсөгчдийн 84 хувь нь ажилд шууд ордог

Шижигнэсэн 2197 залуу өнөөдөр доктор, магистр, бакалаврын зэргээ хамгаалж, мэргэжлийн дипломоо гардлаа. Тэдний найм нь доктор, 294 нь магистр юм. Мөн 1887 оюутан сургуулиа амжилттай төгсөж, бакалавр хэмээх эрхэм алдрын эзэд болов. Тэдгээрийн 152 нь онцлох дипломтой, 37 нь БНХАУ болон БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөж байна. Энэ үйл явдал бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн хаврын улирлын бакалаврын 96, магистрын 58 дахь удаагийн эрдмийн баяр юм. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, их сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, төгсөгчид, эцэг эхчүүд болон хүндэт зочид оролцлоо. Эрдмийн баярыг ШУТИС-ийн Ректор, доктор, профессор Т.Намнан нээж, багш оюутнуудад амжилт хүслээ.

ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ дэлхийн боловсрол, технологийн салбарын өөрчлөлт, хиймэл оюун ухааны эрин үеийн боломжийг онцлон тэмдэглэж, ШУТИС-д эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, шинэ технологийн хэрэглэгч төдийгүй бүтээгч нь байхыг уриаллаа.

Тэрбээр мөн ШУТИС нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан 45 тэргүүлэх, 12 эрэлттэй хөтөлбөрөөр сургалт явуулж, улс орны хөгжилд шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгааг онцолсон юм.

Өнгөрсөн хичээлийн жилд ШУТИС дотоодын болон олон улсын хамтарсан нийт 180 гаруй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдсан байна. Мөн 1900 орчим оюутанд 800 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгож, 2700 гаруй оюутан Боловсролын зээлийн сангийн 7 тэрбум төгрөг орчим хэмжээний дэмжлэгт хамрагджээ.

Д.Цогзолмаа: Сургуулиа амжилттай төгссөн 152 оюутанд онцлох диплом гардуулсан

ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албаны дарга, доктор, дэд профессор Д.Цогзолмаагаас эрдмийн баярын онцлогийг тодрууллаа.

-Танд эрдмийн баярын мэнд хүргэе ээ. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн эрдмийн баярын онцлог нь юу вэ?

– ШУТИС-ийн 11 бүрэлдэхүүн сургууль, политехникийн коллеж, нээлттэй боловсролын хүрээлэн гээд олон салбар сургуулиуд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтэд эрдмийн баяраа нэгэн зэрэг өнөөдөр хийлээ. Энэ хавар сургуулиа амжилттай төгссөн 152 оюутанд онцлох дипломоо гардуулсан.  Онцлох дипломын эзэд нь суралцах хугацаандаа нарийн судалгаа хийж, ажил олгогчид хийгээд судлаачдад танигдсан, үйлдвэрлэлд нэвтрүүлж болохуйц оновчтой, инженерийн шийдэл бүхий сайн диплом бичсэн оюутнууд юм. Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах уралдааны шилдэг оюутнуудаа алдаршуулж шагнаж байгаа юм.

-Төгсөгчдийн төдөн хувь нь ажилтай болдог гэсэн тодорхой судалгаа байгаа юу?

– ШУТИС төгсөгчдийн 84 хувь нь ажлын байртай болчихсон. Манай төгсөгчдөөс дипломын ажлаа хамгаалаад аль хэдийн зохиогчийн эрхээ авчихсан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь олон. Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах уралдааны тэргүүн байрын эзэн Ү.Мөнхтуяа Хиймэл оюун ухаан болон AR технологид суурилсан анхны тусламжийн ухаалаг системийн судалгаа хөгжүүлэх төхөөрөмжөө зохион бүтээсэн. Шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн. Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах уралдааны шилдэг нэг оюутан гэхэд зургаан бүтээлд зохиогчийн эрх авсан тохиолдол ч бий. Оюутнууд маань дотооддоо төдийгүй гадаадад ч уралдаан тэмцээнд оролцож, олон арвин амжилт гаргадаг. Удирдагч багш нар нь ч шилдгүүд байдаг. Тиймээс оюутнууд дипломоо маш сайн хамгаалж, Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж байна. Төгсөхөөс нь өмнө дадлага хийсэн газрууд нь уриад уриад ажилд авчихдаг юм. Энэ жилийн төгсөгчдөөс Японд нэр хүндтэй корпорацад дадлага хийж, тэндээ уригдсан оюутан бас бий.

ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын хөтөлбөрийн оюутан Г.Өсөхбаяр бакалаврын дипломоо амжилттай хамгаалж шилдэг хэмээх тодотголтой төгсөж байна.

Тэрбээр “Шилдэг төгсөгч шагнал ганц минийх биш намайг чиглүүлж сургасан багш нарын гавьяа, надад урам өгч байсан ар гэрийнхний минь тэр их итгэлийн илэрхийлэл. Нэгэнт надад өгсөн шилдэг гэх алдрыг насан туршдаа хадгалж явна аа. Эрчим хүчний салбар бол Монгол Улсын цохилох зүрх, хөгжлийн хөдөлгүүр. Өнөөдрөөс эхлэн бид улсдаа гэрэл гэгээ түгээж, гал голомтыг нь бадраахаар мордож байна. Эрдмийн аяны дөрвөн жилд хамт байсан ангийнхандаа баярлалаа. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан нэр төртэй инженер болж багш, аав, ээж, ахынхаа ачийг хариулах болно” хэмээсэн юм.

ШУТИС оюутнуудад дипломын боловсрол олгохоос гадна хувь хүнийг нь хөгжүүлэх эрүүл мэнд, урлаг, спортын клуб хичээллүүлдэг. Өнөөдөр эрдмийн баяраа тэднийхээ хүчээр зохиосон байгуулсан байгуулсан байна. Тухайлбал, эрдмийн баярыг нээж, ШУТИС-ийн дэргэдэх морин хуурын клубийн Нэгүүн хамтлаг аялгуулан хуурдсан. Мөн эрдмийн баярыг хөтлөн явуулсан  МҮОНТ-ийн хөтлөгч Г.Ган-Эрдэнэ энэ сургуулийн “бүтээгдэхүүн” юм. Улмаар ахисан түвшний сургуулийн ахлах мэргэжилтэн Д.Батдорж Монгол Улсын төрийн дууллыг эгшүүлсэн билээ.