“Түүхийн клуб”-ийнхэн сурагчдад 1945 оны Чөлөөлөх дайны түүхийг танилцуулав

Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь Русский дом төвийн дэргэд “Түүхийн клуб” үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус клубээс энэ онд тохиож буй  Аугаа Эх орны дайны төгсгөл Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулан улирлын шинэ уулзалтаа зохион байгууллаа.

Уулзалтад Монгол, Оросын ЕБС-иудын сурагчид болон иргэдийхн төлөөлөл оролцож, “1945 оны Манжуурын стратегийн байлдааны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн дахь Монгол Улсын оролцоо” сэдвээр ЗХУ ба Монгол Улсын цэргийн ахан дүүсийн холбоо, түүхэн хамтын ажиллагааны талаар лекц хэлэлцүүлэг сонслоо.

Уулзалтыг Монголын залуусын төлөөлөл клубийн удирдагч, түүхийн ухааны доктор (PhD), “Хангарьд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Баяртогтохын удирдан явууллаа.

Тэрбээр, 1945 оны Чөлөөлөх дайны нэгэн чухал хэсэг болох Зөвлөлт, Монголын цэргүүд Говийн цөл, Их Хянганы нурууг давсан хүнд зам, мөн Японы Квантуны армийн эзэлсэн нутгийг чөлөөлсөн стратегийн довтолгооны амжилт зэрэг түүхэн үйл явдлын талаар сонирхолтой баримт, эх сурвалж дэлгэн ярилаа.

Оролцогчид Зөвлөлт-Монголын хамтарсан морин-механикжсан бүлгийн цэргийн замнал, байлдааны түүхийг танилцуулсан мэдээлэлтэй танилцаж, түүх сонирхогч сурагч залуучууд Монголын Ардын Хувьсгалт Цэргийн 5, 6, 7, 8 дугаар морин дивизүүдийн Долнуур, Фыннинь, Жэхэ, Миюнь, Губэйкоу зэрэг хотыг чөлөөлсөн байлдааны талаар сонсож, асуулт асууж, санал бодлоо хуваалцав.

Лекц, уулзалтын төгсгөлд “Чөлөөлөх дайны баатруудын замналаар” сэдэвчилсэн танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн явуулж, оролцогчид түүхийн мэдлэгээ сорилоо.