Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Тодорхой хэлбэл, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”, Худалдаа хөгжлийн банк, Bpifrance банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”, “ИНҮТ” ТӨХХК, “Thales” компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг”-т тус тус гарын үсэглэсэн юм. Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “ИНҮТ” ТӨХХК-ийн захирал Э.Энхзориг тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гарын үсэг зурах ёслолыг нээж хэлэхдээ, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хувьд онцгой чухал өдөр тохиосныг онцлоод “Өнөөдөр бид 30 гаруй жилийн өмнө олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодит агуулгаар хэрэгжүүлж эхэлж байна. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийг 1944 онд АНУ-ын Чикаго хотноо 52 улс баталж, 1947 онд албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Энэхүү конвенцоор Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) байгуулагдаж, агаарын тээврийн аюулгүй байдал, эрх зүйн үндсийг тавьсан юм. Монгол Улс тус конвенцод 1989 оны есдүгээр сарын 7-нд нэгдэн орсон. Өнөөдрийн гэрээ нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж буй хэрэг бус, харин Монгол Улсын иргэний нисэхийн салбарын дараагийн хөгжлийн суурийг тавьж буй стратегийн ач холбогдолтой алхам юм” хэмээсэн.
Төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын экспортын зээлийн санхүүжилт босгосон байна. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance болон Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болох Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл юм. Энэ нь төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцлийн шинэ түвшинг харуулсан үйл явдал боллоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра “Бидний зүгээс санал болгосон цогц бодлогыг хүлээж авч, дэмжиж байна. Жил ирэх тусам Монгол Улсын агаарын урсгал нэмэгдэж байгаа. Үүнтэй уялдуулаад иргэний нисэхийн салбарын аюулгүй байдалд анхаарч, техник технологийг шинэчлэх шаардлагатай. Тиймээс Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон. Монголын иргэний нисэхийн салбар энэ төслийн ачаар олон улсын стандартад нийцсэн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нөөц төвтэй болох нь. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд маш өндөр босгыг тавьж төсөл эхлүүлээ. Үүнээс цааш улам өндөрт тэмүүлж, хөгжүүлэх байх аа” хэмээсэн.

Төслийг хэрэгжүүлэх байршлыг газар хөдлөлтийн судалгаа, тектоник хавтангуудын нөхцөл байдал, гал түймэр болон байгалийн гамшиг, гоц халдварт өвчний хүчин зүйлсийн олон жилийн судалгаар харгалзан үзэж Дорноговь аймгийн Сайншанд сумд байгуулахаар тогтсон аж. Ингэснээр Улаанбаатар хотод байрлах ганц төвд төвлөрсөн эрсдэлийг бууруулж, Монгол Улсын агаарын тасралтгүй, аюулгүй, удирдлагыг хангах хоёр дахь (нөөц) төвтэй болно. Энэ төвийг 10 га талбайд 4508 амметр талбайтай иргэний нисэхийн салбарын ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.
Ийн Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулах нь.
Энэ оноос эхлэн агаарын навигацийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэр гарсан нь салбарын тулгамдсан төсөл, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжийг нээж өгсөн. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн болсон цагаас хойш уг орлогоо олон улсын жишгийн дагуу салбартаа дахин санхүүжилт хийж эхэлж байна.
Цаашид “ИНҮТ” ТӨХХК нь агаарын навигацийн орлогыг иргэний нисэхийн салбарт бүрэн зориулах, ИКАО-ийн аюулгүй байдлын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч зэрэг мэргэжилтэн бэлтгэх ажлыг тууштай үргэлжлүүлнэ.
Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийт 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 9 агаарын хөлгийг түрээсээр ашигладаг бөгөөд түрээсийн төлбөр өндөр байгаа нь компанид санхүүгийн хүндрэл учруулахын зэрэгцээ үр ашиггүй байдлыг бий болгож байна. Иймд цаашид үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх, асуудлыг эрчимжүүлж ажиллахыг тодотгов.
Монгол Улс өнгөрсөн онд иргэний нисэхийн салбараа үндэслэн хөгжүүлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн 51 улстай Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 2025 онд агаарын тээврээр 2.4 сая зорчигч үйлчлүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь салбарын тогтвортой өсөлтийг харуулж байна.

20° C
3590.58
0 cэтгэгдэлтэй