Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.24) Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны Түншлэлийн асуудал хариуцсан захирал Хун Ким тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын томоохон төсөл хөтөлбөр болон төслийн санхүүжилтийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу (COP17)-ын үеэр уулзах боломж олдсонд талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас төмөр замын сүлжээг өргөжүүлэн шинэчлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулаад, тус төслийг Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Мөн тус төслийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалттай уялдуулан хэрэгжүүлэх бөгөөд шинэ хотыг нийслэлтэй төмөр замаар холбох стратегийн чухал ач холбогдолтой төсөл болохыг онцоллоо.
Талууд энэ үеэр Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын явц болон санхүүжилт хөрөнгө оруулалт, инженерийн шийдлийн талаар мэдээлэл солилцлоо.
Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид болон ноён Хун Кимийн зүгээс Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжлийн бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаад, Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төсөл нь улсын хэмжээнд стратегийн чухал ач холбогдолтой, томоохон төсөл болохыг онцлоод, уг төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн төслийн санхүүжилтийн хэрэгцээ, төсөвт өртөг өндөр байгаа тул олон талын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг хослуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг банкны төлөөлөгчдын зүгээс онцоллоо.
Түүнчлэн Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдын зүгээс төслийн нарийвчилсан тооцоо, судалгааг хийх чиглэлээр мэргэжлийн баг ажиллуулах, шаардлагатай тохиолдолд техникийн туслалцаа үзүүлэх, техник, эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төсөлд хамтран санхүүжүүлэгчээр оролцох боломжтой гэдгээ илэрхийлж, хамтран ажиллахад санал нэгдэв.

22° C
3593.67
0 cэтгэгдэлтэй