ТОМИЛОЛТ: Дээд боловсролыг бус мэргэжлийн боловсролыг илүүд үзэж байна

 

Гарчгаараа дээд боловсролыг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү хүүхдүүдийн сонголтоо хэрсүүжиж, нэн тэргүүнд мэргэжлийн боловсролоо эзэмшээд дараа нь дээд боловсролтой больё хэмээдэг болсныг онцлох гэсэн юм.

Угаас мэргэжлийн боловсрол нь дээд боловсролоо ардаа орхиод, түрүүлж алхах болсон нь цөөнгүй судалгаанаас илэрхий болсон.  Үүнийг “Амгалaн дэлхий” ТББ-аас хийсэн сурвалжилгуудад багтсан ярианууд батална.

“Амгалaн дэлхий” ТББ-аас мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг дэмжин, “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МСҮТ болон политехник, коллежийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах цөөнгүй ажил хийжээ. Хамгийн гол нь есдүгээр анги төгсөгчид болон залууст мэргэжлээ бодитоор сонгох, ур чадварын тухай бүрэн дүүрэн ойлгоход нь дэмжлэг үзүүлж цуврал нэвтрүүлгүүд бэлтгэсэн нь цаг үеэ олсон ажил болоод буй.

Тухайлбал, Мандал сум дахь Зүүнхараа политехник коллежид бид өнгөрсөн долоо хоногт ажилласан билээ. 2009 онд үүдээ нээсэн эл политехник коллежид өдгөө аймаг, бүс, улс, олон улсын тэмцээнээс 37 медаль авсан туршлагатай байгууллага болсон.  Мөн Америкийн Юта мужийн сургууль, ХБНГУ-ын Хессен Форст ойн аж ахуйн байгууллага, Австралийн Перт хотын мэргэжлийн сургууль, нэмээд Орос, Япон, Солонгос, Хятадын мэргэжлийн сургуулиудтай нийгмийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаатай болжээ.

Есдүгээр анги төгсөгчид энд суралцсанаар юуны түрүүнд 12 дугаар ангиа төгсөж ерөнхий боловсролын үнэмлэхээ гардахын зэрэгцээ мэргэжлийн боловсролын үнэмлэхийн эзэн болно. Бас болоогүй гарааны бизнес эхлүүлэх зургаан сая төгрөг ч авна. Үргэлжлүүлээд 1.5 жил суралцаад техникийн боловсрол эзэмшиж, төгсөөд дахиад 3 сая төгрөг гардана. Цаашлаад дүнгийн голч, идэвх зүтгэлээсээ хамаараад зарим их, дээд сургуульд хоёрдугаар курсээс нь элсэж, бүр үнэ төлбөргүй суралцах ч боломж ч нээлттэй.  Уг боломжийг олж харсан Фермерийн аж ахуйн 3А ангид суралцагч М.Явууцагаан бидэнд ийн ярьсан юм. Тэрбээр “Би Баруунхараагаас ирсэн. Хэдхэн хоногийн дараа 12 дугаар ангиа төгсөнө, мэргэжлийн үнэмлэхээ ч гардана. Үргэлжлүүлээд ирэх намраас Зүүнхараа политехник коллежидоо 1.5 жилээр суралцаж малзүйч болно. Аав ээж минь насаараа мал дагаж, 20 шахам мал тооллогод хамрагдсан болохоор би ХААИС-д хоёрдугаар курсээсээ элсэж, үнэгүй сурах болзолоо хангачихсан. Зорилгынхоо төлөө тууштайгаар суралцаж, хичээж явна. Манай сургуулийн төгсөгчид тэтгэлгээ аваад өөрөө өөртөө ажлын байр гаргаж, үйлдвэрлэгч болсон нь олон. Тэдэнтэй уулзаж урам зориг итгэл авсан” хэмээн хэвлүүхэн ярина лээ. Түүний тавьсан зорилго биелэх ерөөл өргөе.

Мандал сумын ерөнхий  боловсролын I сургуулийн 9А ангийн сурагч Т.Мөнхнаран инженер болох хүсэлтэй. Түүнийг Зүүнхараа политехник коллежид бүртгүүлж байхад нь уулзсан юм. Т.Мөнхнаран “Өөрийн гараар хийсэн юм гэдэг өөр. Жишээ нь би хөдөө гэртээ очоод мотоцикл маань эвдэрсэн бол засчихдаг. Дараа бэлэн болсон, сайжирсан зүйлсээ харахад урамтай. Хүний гар харахгүй амар шүү дээ. Ер нь өөрөө өөртөө итгэж л амьдрах зорилготой. Зүүнхараа политехник коллежийн автын ангид суралцаж төгсөөд үргэлжлүүлж, техникийн боловсрол эзэмшинэ. Том машины эд анги засаж сурмаар байна. Төгсөөд уурхайн том том техниктэй ноцолдоно гэж боддог. Тэгээд нэг сайхан инженер болчхоод хорвоод ганцхан ээжийгээ баярлуулна” гэв. Яагаад Зүүнхараа политехник коллежийг сонгосон юм бэ гэх асуултад тэрбээр “Өнгөрсөн хавар манай сургуулийн 9-р ангийнхан бүгд Зүүнхараа политехник коллежийн үйл ажиллагаатай танилцсан. Тэр үед эдний автын багш инженер мэргэжлийн талаар нүдэнд харагдаж, сэтгэлд оч бадартал ярьсан. Ингээд би мэргэжлээ шууд сонгосон” хэмээсэн юм. Амжилт хүсье ээ, хүү минь.

Уг политехник коллеж улсдаа амжилтаараа нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг. Ерөөс энд ажилладаг үйлчлэгч, тогооч, багш нар бүгд сургуулийнхаа талаар ус цас шиг мэддэг. Тухайлбал, биднийг амтат ногоотой шөл, сайхан хуушуур, нэрийн салатаараа дайлсан тогооч Б.Мөнхзул дотуур байрныхаа сурагчдын талаар, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ хэрхэн эзэн болсон тухайгаа, бас хоолны технологийн ангийн сурагчдыг яаж сургадгаа хуучилсан. Хоол амттай, яриа бүр ч амттай байсан шүү Б.Мөнхзул аа. Мөн Хэнтийгээс, Хөвсгөлөөс, Дундговиос, Дарханаас ирсэн “бяцхан”-уудаа хайрлан халамжлан ярьж байгаа хандлага чинь хайр байсан шүү тогооч багшаа.

Зүүнхараа политехник коллежид бусад аймгуудаас цөөнгүй сурагч ирдэг юм билээ. Тэдний нэг Дундговь аймгийн Адаацаг сумаас ирж суралцаж буй А.Хадбаатар хөрсгүй технологи дээр суурилан, шинэ төсөл санаачилж, туршиж байгаатай танилцав. Тэрбээр хөрсгүй технологи ашиглан амтат чинжүү, сүүтэй шар цэцэг, зэргийг тарьж тав хоногт амжилттай ургуулжээ.  Говийн аймагт энэ мэтчилэн малын тэжээл ургуулж чадвал ихээ өгөөжөө өгнө хэмээн алс холын бодол тээж туршилтаа хийсэн аж. Хамгийн гоё нь А.Хадбаатар сургуулиа төгсөөд нутагтаа ажиллана. Говийн аймагт газар тариалан эрхлэх хөгжүүлэхэд гар бие оролцоно хэмээсэн билээ. А.Хадбаатар сургалт судалгааны дадлагын төв хүлэмждээ энэ туршилтаа хийсэн аж. Ер нь тус политехник сургалт, дадлагын томоохон төв, жимс, ногоо тарих болон, мод үржүүлэг, ногоон тэжээлийн том том талбайтай,  тэндээ мэргэжлийн багш нар нь намайг дагаад хий уриатайгаар хүүхдүүдээ дагуулан ажиллаж, дадлагажуулдаг юм билээ. Харин зундаа сурагчид амардаг учраас гэрээт ногоочид ажиллуулдаг гэсэн.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд Зүүнхараа политехник коллежийн хамт олон ийн судалж, мэрийж, хичээж, хөдөлмөрлөж, амжилт гаргасаар байна. Коллежид төлбөргүй суралцахаас гадна иргэнд олгож буй мэргэжлүүд нь улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна. Хамгийн чухал нь мэргэшсэн ажиллах хүчний эрэлт өндөр байдаг учраас ажлын байр баталгаатай, тогтвортой цалинтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс уг политехник коллежид элсэх сурагчдын тоо жилээс жилд өссөөр. Мэргэжил бүхэн сайхан гэж…