Улаанбаатар дахь “Русский дом”-д Монголын орос хэлээр сургалт явуулдаг боловсролын байгууллагуудын холбоо (МАРОО) байгуулах тухай протоколд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

Энэхүү түүхэн үйл явдал нь Орос, Монгол хоёр улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжилд шинэ үеийг нээж, Монгол Улсын боловсролын тогтолцоонд орос хэлний байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.
Уг холбоо нь оросын боловсролын стандартын дагуу сургалт явуулдаг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дээд сургууль г.м. Монголын есөн боловсролын байгууллагыг нэгтгэж багтсан. Холбооны зорилго нь орос хэлийг боловсрол, шинжлэх ухаан болон найрамдлын хэл болгон хадгалж, хөгжүүлэх, нэгдсэн боловсролын орон зай бүрдүүлэх, мөн багш, боловсролын байгууллагуудын хооронд туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ёслолд Монгол дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, Россотрудничество агентлаг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар болон оюутнууд оролцов.
Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал В.В. Кильпякова арга хэмжээний нээлтэд “Олон арван жилийн турш орос хэл Орос, Монголын ард түмнийг холбосон найрамдлын найдвартай гүүр хэвээр байна. Харин энэхүү холбоо байгуулагдаж буй нь боловсрол үндэстэн, үе үеийг холбож чаддгийн тод жишээ юм” хэмээн онцлов.
Боловсролын байгууллагуудыг төлөөлөн «Кириллица» сургуулийн захирал, Монголын орос хэлний багш нарын нийгэмлэгийн (МонАПРЯЛ) ерөнхийлөгч, профессор Цэвээний Магсар ёслолын арга хэмжээнд үг хэлэхдээ, энэхүү холбоо нь хоёр улсын боловсролын тогтолцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр хэлээр сургалт явуулах хөгжлийг дэмжихэд онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн тэмдэглэв.

Холбоонд Монгол Улсын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан 3 хотуудын дараах 9 боловсролын байгууллагууд нэгдлээ:
- Монгол дахь Оросын Элчин сайдын яамны дэргэдэх ерөнхий боловсролын № 14-р сургууль;
- Орос-Монголын хамтарсан №3 сургууль;
- Монгол-Оросын хамтарсан №162 сургууль;
- «Кириллица» бага сургууль;
- Дархан хотын “Союз-Альянс” олон улсын сургууль;
- Эрдэнэт хотын №19 сургууль;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн №12 цэцэрлэг;
- “Сказка” цэцэрлэг;
- ОХУ-ын Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар дунд сургууль.
Протоколд гарын үсэг зурсны дараа холбооны логог танилцуулж, оролцогч байгууллагуудын удирдлагуудад дурсгалын тэмдэг гардуулах ёслол болов.

МАРОО холбоо байгуулагдсанаар цаашид Орос, Монголын боловсролын байгууллагуудын хамтарсан олимпиад, уралдаан, соёл-боловсролын төсөл, орос хэлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх санаачилгуудыг хэрэгжүүлэх шинэ боломжууд нээгдэх болно.
Эх сурвалж: Русский дом

-35° C
3563.19
0 cэтгэгдэлтэй