
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.05.20) Европын холбооноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа орнуудын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын тээвэр логистик, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Хурлын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгасан томоохон зорилтыг хүрээнд хийж буй ажлууд, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар нээлттэй танилцууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын томоохон байгууллагууд Монгол Улсын зам тээвэр, дэд бүтцийн салбарт туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар ирсэнд талархал илэрхийллээ. Мөн энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулт өгч Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зам тээврийн салбарт тэр дундаа авто зам, агаарын тээврийн чиглэлд хамтран ажиллах, харилцан туршлага судлах талаар санал солилцсон юм.
Уулзалтад Монгол Улсад Европын холбооноос суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Бүгд найрамдах Австри Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Андреас Рийкен, Бүгд Найрамдах Хорват Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Дарио Михелин, Монгол Улсад Бүгд Найрамдах Чех Улсаас суугаа Элчин сайд Ян Вытопил, Монгол Улсад Бүгд Найрамдах Франц Улсаас суугаа Элчин сайд Коринн Пэрера, Монгол Улсад Бүгд Найрамдах Итали Улсаас суугаа Элчин сайд Жованна Пиккаррета, Бүгд Найрамдах Литва Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Рикардас Слепавикиус, Бүгд Найрамдах Польш Улсаас суугаа Элчин сайд Бойко Кшыштоф, Монгол Улсад Унгар Улсаас суугаа Элчин сайд Борбала Анна Обрушански, Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Бруно Анжелет, Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Бруно Анжелет, Бүгд Найрамдах Кипр Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Фрэнсис Галатиа Ланиту Уильямс, Бүгд Найрамдах Словак Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Петр Лизак, Люксембургийн Их Гүнт Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Люк Шолтес, Бүгд Найрамдах Эстони Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын орлогч дарга Ханнес Хансо, Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Валентин Ангелов, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бэкер, Бүгд Найрамдах Финланд Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх Жанна Лайн, Шведийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны Улс төрийн хэлтсийн дарга Матиас Чу, Испанийн Хаант Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Марта Бетанзос Роиг, Бүгд Найрамдах Ирланд Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Николас О`Брейн зэрэг 20 гаруй дипломат албаныхан оролцлоо.
0 cэтгэгдэлтэй