
Агуаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг өнөөдөр олон газар нэгэн зэрэг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Түүхт энэ ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр их билээ. 1941 оны зургаадугаар сарын 22-нд Гитлерийн Герман улс ЗХУ-д халдан довтолсон дайны хүнд жилүүдэд монголчууд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтөд туслах хөдөлгөөн өрнүүлж, хэдийгээр дэлхийн дайнд шууд оролцоогүй боловч, Зөвлөлтийн фронтын гүн ар тал болж байв.
БНМАУ-ын Засгийн газар, иргэдээс хүнс, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техник гээд бүхий л зүйлээр тусалж байсны дотроос дулаан хувцас хамгийн чухалд тооцогдож байв. Учир нь тухайн үед Зүүн Европын окоп дотор зун ч хүртэл амьд үлдэх боломжгүй байсан гэдэг. Иймд дайны эхний намар л гэхэд монголчууд Зөвлөлтийн армид оодон нэхий дээл, хөдсөн малгай, бээлий болон эсгий гутал зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн байдаг. 1941 оны арваннэгдүгээр сарын 7 -нд Москвагийн дор сөрөг давшилтад бэлтгэж байсан Улаан армийн бэлтгэл хүчний явган цэргийн дивизүүд Монголын өвлийн албаны хувцсаар бүрэн хангагдсан байж. Харин 1942-1945 онд Зөвлөлтийн Улаан армийн таван шинелийн нэг нь «Монголынх» байсан аж.
Тэгвэл Зөвлөлтийн фронтын дайчдад илгээсэн дээрх хувцсыг эхийн сэтгэлээр урлаж байсан тухайн үеийн Дотоод явдлын яамны оёдлын үйлдвэрийн оёдолчин, Монголын анхны “Ударник”-уудын нэг Бадамын Мядаг гуай өдгөө нас сүүдэр 104 хүрч, охин 64 настай Б.Должинжавынхаа асрамжид Улаанбаатар хотноо амьдарч байна. “Ударник” гэдэг цол бол одоогийн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой дүйцдэг шагнал юм. Дарийн утаа үнэрлээгүй ч дайны эсрэг өдөржин, шөнөжин оёдлын машинаа тачигнуулж, фронт руу илгээх цэргийн хувцсыг оёж суусан тэрбээр мөн “Бид Ялав” медалиар шагнуулж байжээ.
Б.Мядаг гуайн тухай түүх сөхвөл, тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Үүлэн Хайланы энгэрт, Дэлгэрмөрөнгийн хажуухантай малчин Юндэний Бадам, Жалцангийн Гүнсэн нарын хоёр дахь хүүхэд болж эхээс мэндэлжээ. Анх Жамъянмядаг нэртэй байсан нь яваандаа Мядаг болж товчлогджээ. Зургаан настайгаас хонио хариулж өссөн түүнийг 12 нас хүрэх үед буюу 1934 онд аав нь Лхүмбийн гэх хилс хэрэгт хэлмэгдэн баригдаж, хойшоо цөлөгдөж яваад эргэж ирсэнгүй. Охин ээждээ туслан тэмээгээ хариулж, ах нь адуугаа, дүү нар нь хонио харах болжээ. Нөхрийнх нь ах лам хүн байгаад мөн л хэлмэгдэн баривчлагдаж, 1937 онд гурван гэрийн мал хуйг хураан авахад тэднийх саалийн үнээтэй л үлдэж. Ээж нь эр нөхрөө насаараа хүлээн харуулдсаар 1987 онд нас барсан бөгөөд 1999 онд цагаатгасан тухай мэдээг үр хүүхдүүдэд нь сонсгожээ.
Мядагийг 16 настайд айл саахалтын Гэнэн Аюуртных хэмээх айл хоёр дахь хүүдээ бэр гуйж хадаг тавьснаар 1938 онд 18 настайдаа хадмын босгоор алхжээ. Түүний нөхөр Бадамжав Оросын Чита мужийн Ага-ийн районы Наранбулагт төрсөн хүн байв. Бадамжав 1938 онд мал эмнэлгийн техникум төгсөж, Дотоод явдлын яаманд ажилд орж, тэр намраа Ховдын хязгаарын цэргийн отрядад малын бага эмчээр томилогдон ажиллаж,1939 онд Дорнод аймгийн Чоно голын хилийн отрядад ажиллахаар болж, тэд хамтдаа Эрдэнэцагааны Чоно голын отрядад эсгий гэрт хэсэгтээ амьдарсан байна. 1941 оны зургаан сард Герман улс Зөвлөлт рүү довтлон дайн эхлэхэд тус отрядын офицеруудын ар гэрт хорт утааны баг тарааж өгч өмсгөөд, буу үүрүүлэн гүйлгэж дасгал сургуулилт хийлгэхэд Мядаг тэдэн дунд дасгал хийгээд гүйж явдаг байв. 1942 онд нөхөр Бадамжав нь хот руу шилжин тусгай хороонд малын эмчээр, Мядаг 1943 оноос Дотоод яамны оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллах болжээ.
Цэргийн үйлдвэр анх Дотоод яамны харьяанд байгаад сүүлд Цэргийн оёдлын үйлдвэр болсон бөгөөд Мядаг дайны жилүүдэд оёдлын үйлдвэрт өдөр шөнөгүй ажиллаж нормоо давуулан биелүүлж байлаа. Норм төлөвлөгөө биелүүлэх гэж цаг наргүй зүтгэхээр ядрах зүдрэх үе бишгүй. Нэг удаа эмнэлэгт үзүүлж тариа хийлгэх болоход турж эцэж, ясан дээр арьс тохсон мэт болсон түүнд эмч нар яаж тариа хийнэ ээ хэмээн шогширч байсан удаатай. Ингэж ажиллаж байсан учраас төр засгаас 1946 онд түүнийг 1946 онд “Ударник” цол, “Бид ялав” медалиар шагнажээ. 1947 оны нөхөр Бадамжав нь Дорнодын 31-р отрядад шилжин очиж таван жил алба хаахад тэд газар доор землянкад амьдарч байгаад 1952 онд Замын Үүдийн 12-р дугаар отрядад шилжин очжээ. 1953 оны долоодугаар сард отряд татан буугдахад Бадамжав цэргээс халагдаж, хотод ирж МУИС-ийн мал эмнэлгийн их эмчийн сургуулийг дүүргэв. Тэр үед Мядаг дотоод явдлын яамны оёдлын үйлдвэрт эргэн ажилд орж ажиллажээ. Тэгэхэд үйлдвэрийн зохион байгуулалт өөрчлөгдөж, өглөө 8.00 цагт эхлээд, орой 5.00 цагт ажлаа тардаг болсон байв.
1955 онд Дотоод явдлын оёдлын үйлдвэр, Цэргийн оёдлын үйлдвэр хоёр нэгдэхэд тэд Сэлбийн эрэгт хүү Намсрайн хамт үйлдвэрийн ажилчдын байранд амьдрах болов. Гэвч эргээд 1958 онд Хэнтий аймагт очиж малын эмчээр ажиллажээ. Учир нь тэр үед охин нь цэцэрлэгийн тогоочоор ажиллаж, Мядаг хоёр удаа таван жилийн гавшгайчаар шалгарч байв.Түүнчлэн нөхрөө Хэнтийн Өндөрхааны сангийн аж ахуйд малын эмчээр томилогдоход мөн л хамтдаа явж туйпуу цохих, ногоо тарих, орос мэргэжилтний тогооч хийх мэтээр ажиллаж байв. 1979 онд нөхөр нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болон группт орж , 1992 онд нас барсан тул охин Б.Должинжав нь нь ээжийгээ дэргэдээ татаж авснаар өнөө хүртэл тэд хамт амьдарч байна. Охин Должинжав нь хэлэхдээ “Ээж минь 95 нас хүртэл эрүүл саруул тэнхээтэй байсан. Түүнээс хойш тэнхээ жаахан суларсан. Гэхдээ л өөрөө босоод гэр дотроо явна. Хоол ундаа өөрөө бариад иднэ. Ярьдаг зүйл нь хонь малаа л их ярьдаг даа” хэмээн өгүүлж байлаа. Өдгөө нас сүүдэр 104 хүрч буй Б.Мядаг гуайн амьдрал замналаас цухасхан дурдахад ийм байна.
Аугаа эх орны дайны түүхт 80 жилийн ойн хүрээнд Зөвлөлтийн армийн дайчдад тусламж хүргэж явсан иргэд, Ховдын Манхан сумаас тэмээн жингийн цуваагаар бэлэг хүргэсэн малчид гээд олон хүний намтар түүх тодорч байна. Гэхдээ дайнд оролцоогүй, дарийн утаа үнэрлэж дайсантай байлдаагүй ч ар талын албанд энэ мэт зүтгэсэн даруухан эдгээр хүмүүс бол бүгд ахмад дайчин байх учиртай. Чимээгүй аж төрж суугаа ийм л баатруудынхаа алдар гавьяаг нь төр нь биш юм гэхэд түмэн олон нь үнэлж хүндэтгэх ёстой юм сан.
Ч.Үл-Олдох
0 cэтгэгдэлтэй