“Тэнгэрийн хүү” жүжгээрээ “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцоно

Admin Өчигдөр

“Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцох  “Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг 06-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 20:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 3-хан удаа тоглоно.

ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ. Энэ бол Дэлхийн сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн Александринскийн театр юм.

Энэхүү агуу түүхт театрын тайзнаа УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд толилуулах урилгыг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич албан ёсоор ирүүлжээ.

2026 оны намар Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулахын дотор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал юм.