
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орлоо. “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замын шинэчлэлийн ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “Чамбай Зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээн авч өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 23-нд нээлтээ хийлээ. Ингэснээр нэг удаагийн нислэгээр 70 гаруй зорчигчийг тээвэрлэх хүчин чадал бүхий CRJ-700 маягийн агаарын хөлгийг хязгаарлалтгүй хүлээн авах, цаашлаад аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Мөн Өмнөговь аймгийн иргэд, зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулах, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач холбогдолтой юм.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд, “Чамбай зам” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Хаш, нутгийн иргэд оролцлоо. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Гурвансайхан нисэх буудлыг 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорьж байна. Монгол улсын Засгийн газраас гадаад, дотоодын аялал жуулчлалыг дэмжиж, нэгжилд авах жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд говийн бүс нутгийн дэдбүтэц, агаарын тээврийг хурдтайхөгжүүлэх ажил маш чухалд тооцогдож байна” гэв.
Гурвансайхан нисэх буудлын хувьд 2024 онд нийт 2 134 нислэг үйлдэж, дотоодын 27 137 зорчигч, гадаадын 33972 жуулчин тээвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу цаашид Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4D олон улсын нисэх буудал болгон өргөтгөх үйл ажиллагааг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Шинэ зурвастай болсноор нэн тэргүүнд аюулгүй байдал хангагдаж байгаа бөгөөд гадаад дотоодын жуулчдын урсгал нэмэгдэх эдийн засгийн эерэг үзүүлэлттэй.
0 cэтгэгдэлтэй