Ж.Энхжаргаланг шүүгчийн захирамжийн дагуу суллажээ

НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд маргалдаж, бие рүүгээ салаавч гарган, олон нийтийн газар танхайрсан. Уг үйлдэлд нь өчигдөр шүүхээс 9 хоног баривчилж, 10 хоног албадан сургалтад хамруулах шийдвэр гарч, тэднийг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр баривчлах ангид хүргэсэн юм.
Учир нь Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүхэд хүргүүлсэн гэнэ. Тиймээс шүүхээс давж заалдах гомдлыг үндэслэн баривчлах шийтгэлийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн гарсан байна. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Ж.Энхжаргаланг өчигдөр 19.00 цагийн үед сулласан байна.
Уг нь өчигдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зөрчлийн 2510001983 дугаартай хэргийн холбогдогч Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруул 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн билээ.