
Олон улсын орос хэлний өдөр тун удахгүй тохиох гэж байна. Эл өдрийг угтан Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-оос агуу яруу найрагч Александр Сергеевич Пушкиний төрсөн өдрийг мөн хамтатган тэмдэглэх нь ээ. Тодорхой хэлбэл, зургадугаар сарын 6-ны өдөр 15.00 баялаг хөтөлбөр бүхий өдөрлөгт та бүхнийг урьж байна. Хөтөлбөрт “Пушкины уралдаан тэмцээн” уралдааны ялагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа багтжээ. Мөн “А.С.Пушкины 21 шүлэг монгол хэлээр” түүврийн танилцуулга болох нь. Улмаар их зохиолчийн уран бүтээлийн үзүүлбэр, “Пушкинфест” төслийн видео толилуулж, Интерактив платформын тусламжтайгаар “Пушкины газруудаар аялах” нь. Үдэшлэгт очсоноор та бүхэн “Пушкин бидэнтэй хамт” – дурсгалын зоос гардаж ч мэднэ.
Төгсгөлд нь Оросын зураач Василиса Домбайгийн “Мөрөөдөл” (Мечта) бие даасан үзэсгэлэнг нээх юм байна. Оросын оюун санааг мөрөөдлөөр тусгасан залуу зураачийн үзэсгэлэнт ертөнцтэй танилцаарай. Энэхүү үзэсгэлэн нь биднийг соёл, мэдрэмж, урам зоригийн түвшинд юу нэгтгэдэг тухай юм. Энэ үеэр зураач, зохиолчтой уулзаж, амьд хөгжим сонсож тухлангаа, биечлэн асуулт тавих боломжтой. Үзэгчид оросын залуу зохиолчийн уран зургаар оросын оюун санааны соёлын баялаг, олон талт ертөнцтэй танилцахад онцгой боломжийг олж авах болно.
Монгол дахь бие даасан үзэсгэлэнгийн зохиогч, зураач Василиса Донбай: “Мөрөөдөл” гэдэг үг нь монголоос орос хэл рүү орчуулбал “Мечта” гэсэн утгатай бөгөөд мөрөөдөл бол олон улс орон, цаг үеийн хүмүүсийг нэгтгэх чадвартай, соёл хоорондын хүчирхэг үзэгдэл гэдэгт би бат итгэлтэй байна. Олон соёлыг төлөөлдөг хүмүүсийн мөрөөдлийг судлах нь тэдний оюун санааны үнэт зүйлсийг ойлгоход тусалдаг юм. Энэ нь олон үндэстнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлдэг билээ. Урлаг бол хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүллийг төгс илэрхийлдэг” хэмээн дотоод сэтгэлээ товч илэрхийлсэн билээ.
Орос хэлний өдөр болон үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёлын яам болон бусад орны дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид түүнчлэн Беларусь, БНХАУ, БНАСАУ, Вьетнам, Куба зэрэг Монгол, Оросын шашны зүтгэлтнүүд, Монгол Улсын соёл, урлагийн нэрт зүтгэлтнүүд оролцоно.
0 cэтгэгдэлтэй