
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр “Аялал жуулчлал ба соёл” сэдвийн хүрээнд Монгол Улсад тавдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Дэлхийн хэмжээнд 2024 оны байдлаар аялал жуулчлалын салбар 10.9 их наяд ам.доллар буюу ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, 340 сая орчим ажлын байрыг дэмжиж байна. Харин Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрч дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын олон янз байдал, байгалийн баялаг нөөц нь соёлын аялагчдын анхаарлыг илүү татдагаараа давуу талтай.
Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, олон улсын судалгаанд тулгуурлан, өөрийн орны давуу тал, нөөц бололцоогоо бүрэн тодорхойлж, “Монголын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсруулсан. Стратегийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын орлого оруулах зорилт тавин ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй