
Дэлхийн II дайны хүндхэн он жилүүд ард хоцорч, хэдийн 80 жил өнгөрчээ. Өдгөө хүн төрөлхтний түүхэнд уг гашуун түүх “Аугаа” хэмээн онцлон тэмдэглэх үйл явдал болж, жилийн жилд ОХУ-ын хотуудад баярын жагсаал зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийм нэгэн сүрт баярын жагсаал Буриад Улсын нийслэлийн төв талбайд боллоо. Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэдэл – Ялалтын жагсаалд Буриадын тойргийн бүрэлдэхүүн цэргийн ангиуд оролцсон юм.
Уламжлал ёсоор цэргийн парад-жагсаалыг Александровын “Ариун дайн” дууны ая эгшигтэй хамт эхлүүлж, тугчид түүчээлэн алхлаа. Энэ мөчид ОХУ-ын Төрийн далбаа, ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны туг, домогт Ялалтын тугийн хуулбарыг Улаан-Үд хотын төв талбайд мандуулсан юм. Тугчид эгнэн зогссон анги нэгтгэлүүд, ахмад дайчид, хүндэт зочидтой индрийн өмнүүр жагсан өнгөрөхөд үзэгч түмэн “Ура Ура Ура” хэмээн уухайлан түрэв. Дайны үеийн эр зориг, тэсвэр хатуужил, баатарлаг үйлдлийг сануулан алхах тугчид өөрсдөө энэ цагийн эгэлгүй баатрууд мөнөөсөө мөн. Иймээс тэд өнөөдөр баярын жагсаал нээх хүндэтгэлтэй үүрэг хүлээсэн. Туг залагчаар дэд хурандаа Сухарников Дмитрий Евгеньевич удирдан алхлаа. Мөн ОХУ-ын Төрийн далбааг ахмад Холявин Александр Юрьевич мандуулсан юм. Байлдааны бэлтгэл, албандаа хариуцлагатай зүтгэсэн тул уг хариуцлагатай үүргийг хүлээж авсныг хөтлөгч нийтэд зарлалаа.
80 жилийн тэртээ Берлинийг эзлэх тулалдааны үеэр 150 дугаар Идрицкийн дивизийн байлдагч нар түрүүч Михаил Егоров, бага түрүүч Мелитон Кантариа нар Рейхстагийн оройд ялалтын тугаа мандуулсныг өнөөдөр Буриад Улсын нийслэлийн төв талбайд ирсэн үзэгч олон нэхэн дурслаа. Энэ туг түүхэнд Ялалтын илэрхийлэл болон мөнхөрч, нацист Германыг ялсан Зөвлөлтийн ард түмний Аугаа их ялалтын албан ёсны бэлгэдэл болсон бөгөөд жагсаалын эгнээний тэргүүнд суусан ахмад дайчдад алдар гавьяаг нь сануулж байна уу гэлтэй бахархалтайгаар намирна. Жагсаал командлагчаар Ерөнхий цэргийн 36 дугаар армийн байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович сонгогджээ. Түүний удирдлагад Буриадын алдарт нэгтгэлийн цэргийн алба хаагчид байлдааны ур чадвараа дээшлүүлж, мэргэжлийн чадавхаа гайхуулж алхлаа. Жагсаалын хайрцаг бүрийг цэргийн үүргээ төгс, нэр төртэй биелүүлсэн гавьяатай дайчин ОХУ-ын баатар, генерал зэрэг улс эх орныхоо төлөө зүтгэсэн алдартнууд магнайлж байв.
Ёслолын жагсаал эхэлсний дараа Буриад улсын Тэргүүн-Засгийн Газрын дарга Алексей Самбуевич Цыденов үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт ахмад дайчид, ар талын хөдөлмөрчид, цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, байлдагчид, Монгол Улсаас ирсэн зочид оо! Хүндэт элэг нэгтэн та бүхэнд Ялалтын баярын 80 жилийн ойн мэнд хүргэе. 80 жилийн өмнө манай ард түмэн 27 сая гаруй хүний халуун амиар өөрийн эрх чөлөө, амьдрах эрхээ олж авсан. ЗХУ, Орос Улс нь ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, энэ дайнд хамгийн хүнд хохирол амссан. Зөвхөн зөвлөлтийн дайчдын мятаршгүй эр зориг, ард түмний бат нэгдлийн хүчээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цус асгаруулсан дайнд ялсан. Тиймээс Ялалтын баяр нь бид бүхний хувьд ариун баяр юм. Бид үргэлж Агуу их Эх орны дайны баатруудыг санан дурсаж, гэртээ очоод ч бүгдийн дурсгалыг ариунаар хүндэтгэх болно. Агуу их Эх орны дайны талбарт зөвхөн манай улсын төдийгүй бүх дэлхийн, Ази, Европын ард түмний хувь заяа шийдэгдэж байв. Япон 1940-өөд оны үед Хятадын талыг эзэлж авсан байсан ба Герман ялсан бол холбоотны ёсоор Ази, Номхон далайн улсуудын хувь заяа өөр байх байлаа. Ямар үнээр энэ ялалт олдсон гэдгийг бид санаж байх болно. Монголын ард түмний үнэлшгүй тусламжийг бид үргэлж санадаг. Монгол Улс дайны турш ЗХУ-д буцалтгүй тусламж үзүүлсэнийг бид мартахгүй. Монголын ард түмний хөрөнгөөр 53 танк бүтээсний зарим нь Берлин хүрсэн. Түүнчлэн Монголын ард түмний хөрөнгөөр 12 Ла-5 онгоц бүхий “Монгол ард” нэртэй эскадриль байгуулсан. Бас л Берлин хүрсэн. Орчин үеийн сөнөөгч онгоц бүхий “Монгол ард” эскадриль одоо ч байдаг бөгөөд одоо цэргийн тусгай ажиллагаанд оролцож үүргээ биелүүлж явна” хэмээсэн юм.
Белявский Владимир Анатольевич: Монгол Улс хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан
(Ерөнхий цэргийн 36-р армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ОХУ-ын баатар хошууч генерал)
-Эрхэм хүндэт ахмад дайчид, ар талын хөдөлмөрчид, дайны хүүхдүүд, офицерууд, байлдагч нар аа, хүндэт найз нар, зочид оо! 80 жил өнгөрсөн ч холдох тусам түүхэн гавьяа нь улам агуу болж байна. Энэ аймшигт дайн манай орны айл өрх бүрд гай зовлон авчирсан. Түүхэнд хэзээ ч урьд хожид байгаагүй тийм гамшиг сүйрлийг дайн авчирсан. Олон дайчид эргэж ирээгүй. Манай ард түмэн ялалтын төлөө том жижиггүй эр зориг, баатарлаг гавьяаны үлгэр жишээ үзүүлсэн. Өнөөдөр бидэнтэй хамт Монгол Улсын дайчид жагсаж байна. Монгол Улс нь хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж байсан, бидэнд бүх талын тусламж үзүүлэн, зарим үед сүүлчийнхээ нөөцийг ч өгсөн. Үүнийг бид мартах эрхгүй.
Үргэлжлүүлээд баярын жагсаалд оролцогчид ёслол төгөлдөр алхан, үзэгч олны өмнө ид хаваа харуулж байв. Баярын жагсаалд 1500 гаруй цэргийн алба хаагч оролцжээ. Тэдний 310 гаруй нь “Жуков”, “Суворов”-ын медальтнууд, 67 нь “Эр зоригийн одон”-тнууд билээ. Мөн Ялалтын парад бас нэгэн гол чимэг нь дайчин эрстэй адил албан үүрэг гүйцэтгэдэг цэрэг эмэгтэйчүүдийн жавхаатай алхаа байв. Баярын жагсаал хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд жагсаалын 27 хайрцаг гарган алхаж, 35 гаруй цэргийн техник хэрэгслийг авчирч, олныг баясгасан.
Жагсаал командлагчийн дараа бөмбөрчдийн нэгдсэн салаа талбайд орж ирэв. 1945 оны зургадугаар сарын 24-нд Москва хотын Улаан талбай дахь баярын жагсаалыг бөмбөрчид нээсэн түүхтэй. Ийнхүү Аугаа их Эх орны дайны үеийн цэргийн ангиудын жагсаалыг өнөөдөр дайчдын алдар суут залгамжлагч нар ёслол төгөлдөр жагсан үргэлжлүүлж байна.
Баярын жагсаалын тавдугаарт Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцаг сүр жавхлантай алхан гарч ирэв. Аугаа их Эх орны дайны ялалтад Монгол Улсын оруулсан хувь нэмэр асар их байсныг албаныхан талархалтайгаар дурдсаныг дээр бичсэн билээ.
Оросын цэргийн найрал хөгжмийн түүх 300 жилээр тоологдоно. Нийслэлийн төв талбайд болсон Ялалтын баяр Буриадын цэргийн тойргийн найрал хөгжмийн ая дор сүр жавхаатайгаар өрнөсөн билээ. 80 жилийн өмнө Улаан талбай дээгүүр Ялалтын баяраар 2000 гаруй цэргийн техник явж өнгөрсөн. Тэдгээрийн дурсаж энэ өдөр тав талбайд домогт Т-34 танкийг оруулж ирсэн. Энэ танк Смоленск, Минск и стран Европын улсуудыг чөлөөлөхөд оролцсон. Дайсны сумны ул мөрүүд хуяг дээр нь үлджээ. Түүнчлэн энэ өдөр Зөвлөлтийн танк ИС-2 (Иосиф Сталин), 122-мм урт хошуутай их буутай хүнд танк, Тийрэлтэт артиллерийн байлдааны машин БМ-13 “КАТЮША”-г ч үзэж сонирхох боломжийг олгов. Дайсны цэргүүд “КАТЮША”-г “Сталины орган” хэмээн нэрлэж байсан гэдэг. Эдгээр байлдааны машин техникийг 36 дугаар армийн бүрэлдэхүүн сэргээн засварлажээ.
Цэргийн зэвсэг техник явж өнгөрсний дараа Аугаа их Эх орны дайны түүхэн үеийг илтгэсэн бүрэн тоглолтыг түмэн олонд сонирхуулсан юм. Ийнхүү хүнд боловч бахархалт өдөр болж, баярын жагсаал үзэхээр ирсэн мянга мянган оролцогч баяр гуниг тээн гэр гэртээ одлоо. Уур амьсгал нь зөөлөн, цаг агаар нь дулаан, хүмүүс нь жаргалтай, эгэл, эрхэмсэг Улаан-Үд минь баяртай.
Буриад Улс нь 120 мянга гаруй хөвгүүд, охидоо эх орноо хамгаалахад явуулсан. Өвөр Байгалийн 16 дугаар арми болон буудлагын гурав, танкны гурван дивизийн бүрэлдэхүүнд хамрагдан байлдаж байжээ. Буриад Улсын 37 цэргийн албан хаагч ЗХУ-ын Баатрын өндөр цол, 12 дайчин Алдрын одонгийн бүх зэргийн эзэд болсон билээ.
Гэрэл зургуудыг зурагчин Денис Слепцов
0 cэтгэгдэлтэй