НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд ердөө тавхан жил үлдээд буй энэ үед НҮБ-ын “Нийтийн албаны форум” өдрүүдэд Узбекистан Улсын Самарканд хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Уг форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Узбекистан, Камбож, Гүрж зэрэг орны төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Дэлхийн 100 гаруй орны 400 гаруй өндөр түвшний төлөөлөгчийг нэгтгэсэн тус форум Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг хангахад төрийн үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг онцлохын зэрэгцээ цахим засаглал, инновац, өгөгдөлд суурилсан шийдэл, хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээний шинэчлэлд ашиглах шинэ чиг хандлагыг танилцуулж, олон улсын туршлага солилцох чухал индэр боллоо.
“Хэнийг ч орхигдуулахгүй” уриан дор хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд цахим шилжилт, дижитал үйлчилгээ, технологийн хөгжил нь улс орнуудын зүгээс онцгой ач холбогдол өгч буй гол чиглэлүүдийн нэг хэмээн онцолж байна.

Форумын хүрээнд “Самаркандын сайд нарын тунхаглал” батлагдаж, дараах 7 чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг тодорхойлсон. Үүнд:

1.Цахим засаглал

2.Өгөгдөлд суурилсан шийдвэр

3.Хиймэл оюун ухаан

4.Кибер аюулгүй байдал

5.Олон талт түншлэл

6.Иргэн төвтэй үйлчилгээ

7.Төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах