Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь Салбар уулын Бичигт хананд Монголын эртний бичиг соёлын ховор дурсгалын нэг болох Салбар уулын бичээс бий. Монголын түүхийн тайлбар толийн мэдээллээр уг бичээсийг НТ IX–XI зууны Хятаны үед хамааруулдаг. Харин археологич Х.Пэрлээ бичээс болон түүний дэргэдэх тамган дүрсийг судлан X–XI зууны Кидан улсын их бичигтэй холбон үзсэн байна.
Бичээс нь нэг бүхэл текст биш, их ба бага гэсэн хоёр хэсэгтэй. Их бичээс нь 3 мөр, 17 дүрс үсэгтэй, бага бичээс нь 1 мөр, 7 дүрс үсэгтэй. Нийлээд хаданд сийлсэн 4 мөр, 24 дүрс үсэг байна. Их бичээс уншигчийн баруун талд, бага бичээс зүүн талд тусдаа байрладаг бөгөөд судлаачид бага бичээсийг их бичээсийн он цагийг тэмдэглэсэн хэсэг байж болох талаар таамагласан байдаг.
Салбар уулын бичээсийн тухай мэдээлэл XIX зууны сүүлчээр академич В.Радловын “Орхоны экспедицийн тайлан”-д тэмдэглэгдсэн байна. Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны дараа Ч.Бат-Очир газар дээр нь очиж хуулбар авч, 1940 онд Ц.Пунцагноров мөн газарзүйн экспедицийн үеэр бичээсийн хуулгыг авчирчээ. Хожим археологич Х.Пэрлээ тусгайлан судалсан байна.
Кидан буюу Хятан нар X–XII зууны үед Төв Азийн түүхэнд хүчирхэгжин гарч ирсэн бөгөөд өөрсдийн их, бага хоёр бичгийн тогтолцоог хэрэглэж байжээ. Хятан бичгийн дурсгалууд XX зууны эхнээс олноор илэрсэн ч бичгийг нь өнөө хүртэл бүрэн тайлан уншаагүй хэвээр байгаа талаар Монголын түүхийн тайлбар толь тэмдэглэсэн байна. Монголд хад чулуун дээр үлдсэн Хятан бичгийн дурсгалын жишээнд Хэнтийн Салбар уул, Рашаан хад, мөн Архангайн Тайхар чулуу зэрэг газрыг нэрлэдэг.
Байршлын хувьд Салбар уулын Бичигт ханан нь Мөрөн сумын төвөөс баруун тийш 30 орчим км-т оршдог. Соёлын өвийн бүртгэлд бичээсээс гадна тухайн хаданд тамга, тэмдэг байгааг тэмдэглэжээ. Өнөөдөр Салбар уулын бичээс нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарч, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад бүртгэгдсэн байна. Зүүн бүсийн хөгжлийн судалгаанд ч Хэнтий аймагт хамгаалах шаардлагатай 13 түүх, археологийн дурсгалын нэгээр нэрлэжээ. Монголын нутаг дахь Киданчуудын бичиг, соёлын түүхийг судлах ховор эх сурвалжийн нэг нь өнөөдөр Мөрөн сумын хаданд хадгалагдсаар байна.
Эх сурвалж: Зүүн бүсийн хөгжлийн эхлэлийн тайлан (2025); Соёлын өвийн үндэсний төв; Монголын түүхийн тайлбар толь; Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоол.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй