Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай олон талт асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Евразийн тээврийн коридорын хөгжлийг эрчимжүүлэх, хоёр улсын хил орчмын бүс нутгийн тээвэр, логистикийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцсэн панель хуралдаан болж, хоёр улсын Засгийн газар, Зам тээврийн сайд, удирдах албан тушаалтнууд тээврийн салбарын одоогийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаа, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэж байна. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн сайдын орлогч, Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев, “Оросын төмөр замууд” (РЖД) нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Монголын Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов болон Забайкалийн хязгаарын холбогдох байгууллагын төлөөлөл, ОХУ-ын Эрхүү дэх Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Бүгд Найрамдах Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Ж.Доржиев болон хоёр орны тээвэр, логистик, дэд бүтцийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байна. Тус хуралдааныг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ, Монгол Улсын зам, тээврийн салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй хөгжиж байгааг онцоллоо. Тухайлбал, 2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нийт 123 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс авто тээврээр 82 сая тонн, төмөр замаар 41 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Мөн 2025 онд 180 сая зорчигч тээвэрлэж салбарын түүхэн дээд амжилтаа шинэчилсэн бол 2026 оны эхний найман сард 118 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тээврийн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь гадаад худалдаа, тэр дундаа экспортын тээвэр байгааг салбарын сайд онцолж, энэ оны эхний найман сарын байдлаар 87 сая тонн экспортын ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурьдлаа.

”УБТЗ”-ын тээвэр жил бүр өссөн үзүүлэлттэй байна
Монгол, Оросын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорын гол хэсгийг бүрдүүлдэг. Тус нийгэмлэг 2025 онд 33.7 сая тонн ачаа, 1.8 сая зорчигч тээвэрлэсэн бөгөөд Монгол Улсын нийт ачаа тээврийн 34 орчим хувь, төмөр замын нийт ачаа тээврийн 70 орчим хувийг дангаараа гүйцэтгэжээ. ”УБТЗ”-ын гол шугамаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 2016 онд 19.9 сая тонн байсан бол 2025 онд 33.7 сая тоннд хүрч, 10 жилийн хугацаанд 1.7 дахин буюу 70 орчим хувиар өссөн байна. ОХУ, БНХАУ-ын хоорондын дамжин өнгөрөх тээвэр мөн эрчимтэй өссөн байна. Тухайлбал, 2016 онд 2.3 сая тонн байсан транзит ачаа 2025 онд 5.9 сая тонн болж, 2.5 дахин нэмэгджээ.
Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлнэ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улс тээврийн шинэ коридоруудыг үе шаттайгаар хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо. Тухайлбал, энэ зорилтын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт, Хөшигийн хөндий-Номгон, Чойбалсан-ХөөтБичигт чиглэлийн төмөр замын төслүүд болон Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын холболт зэрэг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг дурьдлаа. Тэрээр “Эдгээр төслүүд нь Монгол Улсын экспортын гарцыг төрөлжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн шинэ урсгалыг татах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн интеграцид нэгдэх, эдийн засгийг сайжруулах стратегийн ач холбогдолтой төслүүд” гэдгийг онцоллоо.

Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлтийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86 болон 2026 оны 105 дугаар тогтоолын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд төслийг энэ намар ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн төвөөр дамжин өнгөрч буй аюултай ачааг хотын гадуур тээвэрлэх боломж бүрдэхийн зэрэгцээ цаашид нүүрс, зэсийн баяжмал зэрэг экспортын болон дамжин өнгөрөх ачааг тус чиглэлээр тээвэрлэх боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн төвийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Ханги-Мандалын төмөр замын холболт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Мөн Зүүнбаян, Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөгтэй, жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тус төмөр замыг 2024 онд бүрэн ашиглалтад оруулснаар Ханги-Мандал боомтоор экспортын ачаа тээвэрлэх боломж нэмэгдсэн бөгөөд мөн ондоо тус боомтоор 8.6 сая тонн ачаа экспортолсон нь өмнөх оноос 1.7 дахин өссөн үзүүлэлт юм. 2026 оны эхний долоон сарын байдлаар Ханги-Мандал боомтоор 9.1 сая тонн ачаа тээвэрлэснээс 4.3 сая тонн нь төмөр замаар тээвэрлэгджээ. Иймд Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын холболтыг цаг алдалгүй эхлүүлэх нь транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурьдлаа.
Авто тээврийн коридоруудыг мөн өргөжүүлнэ
Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтын зэрэгцээ ОХУ, БНХАУ-ыг холбосон авто тээврийн коридоруудыг үе шаттай хөгжүүлж байна. 2025 онд авто тээврээр 96.5 сая тонн ачаа тээвэрлэж, экспортын ачааны 89 хувийг авто тээвэр дангаараа гүйцэтгэсэн байна. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Монгол, Оросын талууд төмөр зам, авто зам, хилийн боомт, агаарын тээвэр, логистик, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Орос, Монгол, Хятадын тээврийн коридорын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

8° C
3595.64
0 cэтгэгдэлтэй