“Fashion Business Forum-2026” амжилттай үргэлжилж байна

Admin 2 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд болж буй “Fashion Business Forum-2026” өчигдөр эхэллээ. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй эл форумаар хувцас загварын салбарын манлайлагчид, дизайнерууд, бизнес эрхлэгчид, стилистүүд болон бусад оролцогчийг нэг дор холбож, тэргүүн туршлага солилцох, бизнесийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлнэ.

​“Хамтдаа алхаж, хамтдаа хөгжье” уриан дор болж буй тус форумд манай салбарын яамны төлөөлөл оролцож, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-д эзлэх хувийг 4-т хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа танилцуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоолоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийг тодорхойлсны нэг нь хувцас загварын салбар юм.

Мөн Монголын соёл, урлагийн салбар, тэр дундаа үндэсний хувцас загварыг олон улсын зах зээлд сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий бүтээлч үйлдвэрлэлийн салбар болгон хөгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцолсон байна.

Монголын уламжлалт өв соёл, үндэсний онцлогийг орчин үеийн дизайн, шинэ технологи, инновацтай хослуулахын зэрэгцээ байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг салбарын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг форумын хүрээнд онцлон хэлэлцжээ.

​“Fashion Business Forum-2026” нь хөтөлбөрийн дагуу панел хэлэлцүүлэг, салбарын оролцогчдыг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтуудаар үргэлжлэх байна.