Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрханы бэлд гурван өдөр үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөлөө. Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв.
Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отгууд өв соёл, зан заншил зэргийг таниулж, эрийн гурван наадам, морьт харваа, уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх, морин бөмбөгийн тэмцээн, уламжлалт дээл, хувцас, хоол, идээ ундаа, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохиосон.
Мөн “Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Нүүдэлчдийн өв соёл, шинжлэх ухаан” сэдэвт цуврал лекц болжээ.
Фестивальд нийслэл, аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулсан байна.
Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм. Мөн шилдэг аймаг, нийслэлийн баг хамт олныг шалгаруулж нийт таван багт шагнал олгосноос тэргүүн байрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан гардууллаа.
Манай улс ЮНЕСКО-ийн конвенцын дагуу соёлын өвөө хамгаалах, сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж, Дэлхийн өвийн жагсаалтад 7, Соёлын биет бус өвийн жагсаалтад 17, Олон улсын баримтат өвийн жагсаалтад 7 өвийг бүртгүүлсэн.

21° C
3593.67
0 cэтгэгдэлтэй