Ш.Батзориг: Гаднын оронд аялахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна

Тайландын Паттаяд үүрийн бүрэнхийд 22 настай Диана, 17 настай дүү Романы хамт гэрээсээ мотоцикл унаж гараад алга болсон тухай мэдээ цахим орчинд түгсээр байна. Энэ талаар иргэн Ш.Батзориг анхааруулга бичжээ. Ш.Батзориг: Долдугаар сарын 26-нд Тайландын Паттаяд үүрийн бүрэнхийд 22 настай Диана, 17 настай дүү Романы хамт гэрээсээ мотоцикл унаж гараад алга болжээ. Тэд Орос улсын иргэд бөгөөд Тюмень хотоос Тайландад 2018 оноос хойш суурин амьдарч байгаа гэр бүлийн хүүхдүүд юм байна. Цагдаагийн байгууллага нэлээд өргөн хүрээнд эрлийн ажиллагаа явуулж, өмнө нь гэмт хэрэгт удаа дараа холбогдож байсан 43 настай Понг, 39 настай Тонг гэх хүмүүсийг сэжиглэн хайж эхэлсэн ба хүүхдүүдийн унаж явсан мотоциклийг оршуулгын газар булсан байхыг олжээ. Удалгүй Понгийг хамтрагчийн хамт Кампучийн хилээр нэвтрэх гэж байхад нь барьсан байна. Байцаалтын үеэр тэд хэргээ хүлээж, мотоциклийг авах зорилготой байсан гэж ярьжээ. Роман хүү эсэргүүцэл үзүүлсний улмаас буудаж алаад, эгчийг нь зодож алсан байна.
Диана охин хэрэг болохоос хэд хоногийн өмнө ээждээ өөрийнх нь утсанд хэн нэгэн Bluetooth-ээр нэвтэрсэн, байршлыг нь ажиглаж байх шиг санагдсан тухай хэлж байжээ. Эдгээр гэмт хэрэгтнүүдийг бүлэг гэж үзэж байгаа ба сэжиглэгдэж байгаа толгойлогч одоогоор баригдаагүй байна. Хэрэгтнүүдийн заасан газраас хүүхдүүдийн шарилыг 7 сарын 31-ний өдөр олж гаргах үеэр өөр таван хүний цогцос олдсон тухай Thairath мэдээлжээ.
Монголчуудын өвлийн аялал зугаалгын улирал эхлэх дөхөж байна. Тайланд бол хүний наймаа, гэмт хэргээр алдартай газар бөгөөд жил бүр маш олон хүн сураггүй алга болдог. Аялж амарч дуусаад буцаж нисэх гэж таксигаар нисэх буудал хүргүүлээд сураггүй болсон тохиолдол их байдаг ба хэд хоногийн дараа ой санамжгүй болсон байдалтай олдсон хүмүүс олон байна. Зөвхөн Орос улсын иргэдийн хувьд л гэхэд байнга оршин суудаг иргэдийн сайн дурын эрлийн баг хүртэл бий болж, нэгдсэн зохион байгуулалттайгаар алга болсон хүмүүсийг эрэн хайх, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах, ой санамжаа алдсан болон бичиг баримтгүй болсон хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлдэг болоод удаж байгаа юм байна.
Алга болсон хүүхдүүдийн хэрэг дээр ч энэхүү сайн дурын баг ажилласан ба мотоцикл нуусан газарт ширэнгэн ойгоор дүүрэн тоо томшгүй олон нүх байна гэж ярьж байжээ.
Тиймээс гаднын оронд аялахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.