ТАЙГА фестивалийн мэдэгдэл
Хөвсгөл аймгийн Засаг Даргын Тамгын газрын албан ёсны хуудсаар дамжуулан 2026 оны 6-р сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газраас Тайга фестивальтай холбоотой хамтран ажиллах боломжгүй тухай мэдэгдэл олон нийтэд хүрснийг бид хүлээн авлаа. Мөн 2026 оны 6-р сарын 12-ны өдөр үүнтэй холбоотой албан бичгийг бидэнд хүргүүлсэн болно.
Тайга фестиваль бол хэн нэгэн хувь хүн, байгууллагын ашиг сонирхолд бус, Монгол орны аялал жуулчлалын хөгжил, хүн ба байгалийн нандин холбоог бэхжүүлэх, хариуцлагатай аяллын соёлыг түгээх, үндэсний түүх соёлоо сурталчлах зорилготой төсөл юм.
Бид өнгөрсөн жилийн Тайга фестиваль өндөрлөсөн өдрөөс эхлэн дараагийн фестивалийн бэлтгэл ажлыг тасралтгүй хангаж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл олон байгууллага, аж ахуйн нэгж, уран бүтээлчид, хамтрагчдын оролцоотойгоор ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулаад байна.
Мөн тухайн хугацаанд Мөрөн хотод ижил төстэй арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд цаг хугацааны давхцал үүссэн. Гэсэн хэдий ч бид гадаад, дотоодын уран бүтээлчид болон хамтран ажиллагч байгууллагуудтайгаа урьдчилан байгуулсан гэрээ, төлөвлөлтийн улмаас арга хэмжээний товоо өөрчлөх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Тиймээс бид ТАЙГА ФЕСТИВАЛЬ зохион байгуулагдах газрыг өөрчилж БУЛГАН аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 7-р сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Энэ дашрамд Тайга фестивалийн зорилго, үнэт зүйлсийг ойлгон дэмжиж, бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаар болсон Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газар, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон нийт хамтрагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Аливаа томоохон арга хэмжээ амжилттай болохын үндэс нь төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа гэж бид үздэг.
Бид фестивалиа аюулгүй ажиллагаа, байгаль хамгаалал, хариуцлагатай аялал жуулчлалын зарчмыг чанд мөрдөн, өндөр зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

24° C
3590.58
0 cэтгэгдэлтэй