Украин, Оросын төлөөлөгчид АНУ-ын зуучлалаар АНЭУ-ын Абу-Дабид хоёр өдөр хийсэн хэлэлцээгээ дуусгажээ. Талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор, мөн хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Гурван улсын төлөөлөгчдийн уулзалт хаалттай явагдсан байна. Америкийн талыг тус улсын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, Армийн сайд Дэниел Дрисколл нар төлөөлсөн бол Украины төлөөлөгчдийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Оросын төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков ахлан оролцжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов уулзалтууд “үнэхээр үр дүнтэй болсон” гэж мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Оросын ТАСС агентлаг мэдээлэхдээ, АНЭУ-ын нийслэлд болсон уулзалтуудын үеэр эдийн засгийн асуудлууд, газар нутгийн статус болон гал зогсоох механизмын талаар ярилцсан гэсэн байна. Украины талтай байгуулах энхийн хэлэлцээрт ахиц гарсан гэж Оросын төлөөлөгчид мэдэгджээ.
Талууд мөн 314 олзлогдсон цэргүүдийг солилцохоор тохиролцсон гэж С.Уиткофф мэдээлсэн байна. АНУ-ын тусгай элчийн мэдэгдсэнээр, олзлогдсон цэргүүдийг пүрэв гарагт солилцсон бөгөөд хоёр тал сүүлийн таван сарын хугацаанд анх удаа олзлогдсон цэргүүдээ солилцжээ. “Хэлэлцээ үргэлжилнэ. Ирэх хэдэн долоо хоногт ахиц гарах төлөвтэй” гэж С.Уиткофф нэмж хэлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр хоёр талаас тус бүр 157 цэргийг солилцжээ. Олзноос суллагдсан Оросын цэргүүд Беларусьт байгаа бөгөөд Украины тал мөн Курск мужийн оршин суугчид болох Оросын гурван иргэнийг буцаан өгсөн гэж тус яам мэдэгджээ.
Эх сурвалж:КИЕВ/Reuters/.

12° C
3576.28
0 cэтгэгдэлтэй