Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Уйлган” хоршоо ХБНГУ-ын Бранденбург мужийн “Унтере Шприйвалд”-тай, Дархан-Уул аймгийн “Шошоолоштон” хоршоо “Гроссмар” хоршоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Мөн салбарын мэргэжилтэн залуусыг бэлтгэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоныг ХХААХҮЯ мэдээлэв.
Эдгээр санамж бичигт ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Германы Берлин хотноо энэ сарын 16-18-нд болж буй олон улсын Хүнс, хөдөө аж ахуйн 18 дахь удаагийн форум, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 18 дахь удаагийн бага хуралд оролцох үеэрээ гарын үсэг зуржээ. Тэрбээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэг дор танилцуулдаг “Олон улсын ногоон 7 хоног” яармагт ч мөн оролцсон юм.
Энэ үеэрээ ХБНГУ-ын Бранденбург мужийн Хөдөө аж ахуйн сайд хатагтай Х.Миттелштэдт, Саксони мужийн Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Георг-Людвиг фон Брайтенбух нартай уулзан, хүнс хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийг тодорхойлох, монголын хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Германы хөдөө аж ахуйн уламжлалт хоршооны систем, гишүүдийн эдийн засаг, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмж буй туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Форум, хэлэлцүүлэгт олон орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайд, олон улсын байгууллагын 80 гаруй удирдлага, төлөөлөгч оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн зохистой хэрэглээ, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогыг тухай санал солилцов. Тэд дэлхийн хүнсний хангамж, тогтвортой үйлдвэрлэл, байгаль орчны хамгаалал, дэвшилтэт технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага үүсээд буйд санал нэгдэж, байр сууриа илэрхийлжээ.

-35° C
3563.19
0 cэтгэгдэлтэй