“Цөмийн эрчим хүч: Ирээдүй рүү хийх алхам” сэдэвт Монгол-Оросын уулзалт семинар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Улаанбаатар дахь Русский дом-д /2025.11.12/ боллоо.
“Мон Атом” компани, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дэмжлэгтэй зохион байгуулсан уулзалтад ОХУ-ын “Рос Атом” корпорацийн төлөөлөгчид, цөмийн салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, шинжээчид, Монгол Улсын ШУА-ийн удирдлага оролцлоо. Уулзалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нээж үг хэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад анх айлчилж байхдаа цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах, энэ талаар хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж гарын үсэг зурж байсан.
Энэхүү семинар уулзалтаар дээрх хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын тал санал солилцож байна.
Бидний хэлэлцүүлэг яриа зөвхөн Монголд цөмийн бага хүчин чадлын цахилгаан станц барих талаар хязгаарлагдаагүй, мөн бусад асуудлыг хөндөн хэлэлцэж байна. Цөмийн энергийг ашиглаж болох экологи болон боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах өргөн нөөц бололцоо бий гэдгийг онцолсон юм.
Тэгвэл уулзалтад оролцсон “Рос Атом” корпорацийн Монгол дахь төлөөлөгч Сергей Демин хэлэхдээ, бага оврын цөмийн цахилгаан станц барьж байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, тус улсын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх боломжтой томоохон дэд бүтцийн төсөл юм гэдгийг тэмдэглэсэн юм.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Росатом” нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шилдэг практик туршлагаа солилцох асуудлыг уламжлал ёсоор дэмжиж байгаа. Учир нь зөвхөн хамтдаа, хамтын хүчээр бид цөмийн салбарын аюулгүй, тогтвортой, инновацийн хөгжлийг хангаж, цэвэр эрчим хүч, цөмийн анагаах ухааны дэвшилтэт аргууд, шинэ материал, орчин үеийн цахим технологиор дамжуулан хүмүүсийн амьдралыг сайжруулж чадна.
2025 он “Росатом”-ын хувьд онцгой жил байгаа бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард бид Оросын цөмийн салбарын 80 жилийн ойг тэмдэглэсэн. Эдгээр он жилүүдэд Орос улс гайхалтай амжилтанд хүрсэн. Тодруулбал, дэлхийн анхны цөмийн цахилгаан станцыг ашиглалтад оруулсан, анхны цөмийн мөс хагалагч хөлөг онгоц болон анхны хөвөгч цөмийн цахилгаан станцыг барьсан, арилжааны зориулалтаар хурдан нейтроны реакторыг болон дэлхийн анхны токамак буюу соронзон плазмын хязгаарлалтын төхөөрөмжийг зохион бүтээсэн.
Үүнтэй холбогдуулан бид цөмийн эрчим хүчний салбарт Монгол Улстай түншлэлээ өргөжүүлэх нь ирээдүйтэй бөгөөд чухал гэж үзэж байна. Монголд Оросын загвараар бага оврын цөмийн цахилгаан станц барих нь ирэх хэдэн арван жилийн хугацаанд Монгол, Оросын хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Цахилгаан станц барих нь юуны түрүүнд томоохон дэд бүтцийн төсөл бөгөөд эдийн засгийн олон салбарын хөгжилд асар их түлхэц болж, тус улсын технологийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өргөн хүрээний салбаруудад бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Бид боловсон хүчний сургалтаас эхлээд ААН байгуулах, түншүүдээ бидний бий болгож буй технологийн гинжин хэлхээнд нэгтгэх хүртэл үйл ажиллагааны бүхий л шатанд хэрэгжүүлэх технологийн тусгаар тогтнолын төслийг санал болгож байна.
Үүний үр дүнд тус улс нь эрчим хүчний тогтвортой байдал, тусгаар тогтнолоо бататгаж, киловатт/цаг тутамд ногдох үнийг урьдчилан таамаглах чадвартай, мөн дэд бүтэц болон холбогдох эдийн засгийн салбаруудын хөгжилд түлхэц өгөх боломжтой болж, инженер, техникийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр боловсролын салбарыг хөгжүүлэх боломжтой болно. Одоогийн байдлаар бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бага оврын цөмийн цахилгаан станц барихаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг гол зорилгоо гэж үзэж байна гэсэн юм.
Уулзалт семинарт “Рос Атом” корпорацийн маркетингийн удирдлагын багийн гишүүн Марина Лосева “Рос Атом”-ын цөмийн энергийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан юм.

“Рос Атом” нь төрийн өмчит корпораци бөгөөд эрчим хүч, машин техник, барилга болон бусад салбар дахь хөрөнгийг нэгтгэсэн олон талт холдинг компани аж. Корпорцийн стратеги нь салхины эрчим хүч зэрэг бага нүүрстөрөгчийг гаргадаг эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршиж байна.
Корпораци нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх салбарт Орост тэргүүлж, тус улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20 орчим хувийг гаргадаг. Мөн цөмийн цахилгаан станц барих захиалгын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 11 оронд 41 эрчим хүчний байгууламжийг барьж байна. “Рос Атом” нь бага оврын цөмийн цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагатай. Ийм станцууд сүүлийн жилүүдэд дэлхийн цөмийн зах зээлийн гол чиг хандлага гэж нэрлэгдэх болсон.
Эдгээр нь аль хэдийн их хүчин чадалтай цөмийн цахилгаан станц ажиллуулж байгаа улс орнууд болон цөмийн эрчим хүчийг хэрэглэж эхлэх талаар төлөвлөж буй улс орнууд аль аль нь сонирхож байна. Оросын хамгийн хойд хэсэгт орших Певек хотод хөвөгч станц тав гаруй жил ажиллаж байна. Хуурай газрын анхны бага оврын цөмийн цахилгаан станцыг Бүгд Найрамдах Якут Улсын Усть-Куйга хотод барьж байгаа бөгөөд томоохон түүхий эдийн кластерын эрчим хүчний цөм болох аж.
2024 онд ОХУ бага оврын цөмийн цахилгаан станц барих дэлхийн анхны экспортын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд “Рос Атом” нь Узбекистан улсад ийм станц барих болно. Мөн Мьянмартай бага оврын цөмийн цахилгаан станц барих хамтын ажиллагааны зарчмын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураад байгааг танилцууллаа.
Монголд бага оврын АЦС барих нь зөвхөн Монгол, Орос бус, олон улсын төсөл юм
Бид уулзалтыг зохион байгуулагч “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр Монгол Улсад барихаар төлөвлөж буй АЦС-ын төслийн хүрээнд хоёр орны эрдэмтэн судлаачид харилцан солилцож байгааг дуулгалаа. Мөн ОХУ, Монголоос гадна Турк, Францын мэргэжилтнүүд оролцож байгаа. Энэ утгаар энэ бол зөвхөн хоёр орны бус, 3-4 дэх орныг оролцуулсан олон улсын том хэмжээний төсөл гэдгийг тодотгосон юм.
-Турк, Франц улсын мэргэжилтнүүд ямар оролцоотой оролцох вэ?
-Түрүү хэллээ, энэ бол олон улсын төсөл гэж. Турк, Францын мэргэжилтнүүд дэд бүтцүүдийн төсөлд туслан гүйцэтгэгчээр болон зарим дагалдах төслүүд дээр хамтарч ажиллах юм.
-Манай улсад цөмийн энергийн чиглэлээр хүний нөөц буюу боловсон хүчин хэр хангагдаж байна? Өмнө нь Оросын цөмийн энергийн хүрээлэн Дубнад монголчууд ажиллаж, сурч төгсөж байсан. Энэ байдал хэвээрээ юу?
-Энэ удаагийн семинар уулзалтаар ОХУ-ын талаас бага оврын АЦС-ын төслөө танилцуулж байна. Монголд барих талаар шийдвэр бол хараахан гараагүй шүү дээ. Эхний ээлжинд бид мэдээлэл цуглуулаад хоёр талын эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээллээ харилцан солилцож байна. Нөгөө талаар бид цөмийн эрчим хүчний талаар хүмүүст мэдлэг, зөв ойлголтыг өгөх зорилгоор мөн семинарыг зохион байгуулж байгаа гэдгийг тодотголоо.
Тэрбээр боловсон хүчний хувьд Монгол Улс ОХУ-тай цөмийн энергийн мэргэжилтэн эрдэмтдийг бэлтгэж ирсэн уламжлалтай. Одоо харин мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх шаардлагатай байгаа гэв.

-35° C
3563.19
0 cэтгэгдэлтэй