“Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр баталжээ

Хөвсгөл аймаг 2025-2028 онд 238 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр хөрөнгө оруулалтаа шийдсэн гэнэ. Үүний 35.5 тэрбум төгрөгийг буюу 15 хувийг анх удаа аймаг өөрийн хөрөнгөнөөс санхүүжүүлж эхэлсэн байна. Тодорхой хэлбэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрт Мөрөн хотын яндан, зуухны 30 хувийг буулгах, шинээр дулааны станцыг Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр барих, 12 км зам шинээр барьж, 5 уулзварыг өргөтгөх, Соёл амралтын хүрээлэнг бүрэн шинэчлэх, 5200 модтой 5.5 км ногоон зурвас байгуулах ажлууд багтжээ.

Дээрх тулгарсан асуудлаа шийдвэрлэх, амьдрах орчноо сайжруулж, өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтууд эхлүүлжээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар энэ талаар “Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад гол нь төрийн болон ТББ, айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хамтарч түншилж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцлон хэллээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд Мөрөн сумын 2400 айлыг дулааны нэгдсэн шугам сүлжээтэй холбох төсөв хөрөнгөө аймаг өөрөө бүрдүүлж, шугам хоолойгоо тавиад эхэлсэн байна. Мөн 14 мегаваттын хүчин чадалтай Дулааны станц барихаар зураг төслийг нь өөрийн хөрөнгөөр хийж, барилгын ажлаа 2026 онд эхэлнэ гэв.

Мөн “Энэ онд Мөрөн сумын нийт 5 багийн 2200 айл өрхийг эхний ээлжинд дулаан, халуун устай холбоно. Дээрх тооны айлыг дулааны шугамд холбох ажил ид явагдаж байна. Энэ ондоо багтаад дөрвөн цэгийн ажил дуусна. “Хөвсгөл” дулааны станц өнөөдрийн байдлаар нийт 3300 хэрэглэгчийг дулаан, хэрэгцээний халуун усаар хангаж байна. 2018 оноос хойш хөөцөлдөж байж энэ онд улсын төсвийн хөрөнгө 19 тэрбум төгрөгөөр нэг зуухаа өргөтгөж, ажил 34 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Аймаг өөрийн хөрөнгөөр ирэх онд дулааны станц барихаар зураг төсвөө хийгээд байна” хэмээн “Хөвсгөл Дулааны станц” ТӨК-ийн ерөнхий инженер Ш.Нямханд мэдээллээ.

Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 41 мянган өрх, 137 мянга гаруй хүн амтай. Аймгийн төв Мөрөн хот нь хүн амынхаа тоогоор улсад хоёрдугаарт ордог. Уул уурхайгүй, томоохон үйлдвэргүй, улсад хамгийн олон малтай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлээс орлогоо бүрдүүлж, ажлын байраа хангадаг онцлогтой. Тиймээс Хөвсгөл аймаг жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжин санхүүжүүлэхэд анхаарч, 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж нийт 17 тэрбум 125 сая төгрөгийн зээл санхүүжилт олгохоор төсөвлөөд байна. Улмаар нарийн ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангах зорилт дэвшүүлж өрхийн хүлэмжийн аж ахуйг дэмжиж эхэлжээ.

Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн төлөвлөгөө, нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын агаарын бохирдол, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Мөрөн хотын зүүн захад 5.5 км-т ногоон зурвас байгуулах, айл өрх бүр хашаандаа 10 мод тарьж ургуулах, ургуулсан мод тус бүрдээ 50.000 төгрөгийн урамшуулал авах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр 2028 онд хашаандаа модтой айл өрхийн тоо 2 дахин өсөж, 46 мянга давах боломжтой гэж тооцсоноо аймгийн удирдлага танилцууллаа.