
БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүллээ. Иргэн Б.Соёл-Эрдэнэ БНСУ-ын хилээр орж чадаагүй шалтгаанаа мэдмээр байгаагаа илэрхийлж, зүй бус харьцсан гаалийн мэргэжилтэнд хариуцлага тооцохыг хүслээ.
Тэрбээр “Би 2019 онд БНСУ-д аяллаар очиж байсан. Энэ удаа гэр бүлийн хамт нэг сарын хугацаатай явахыг хүссэн. Гэтэл манай нөхрийг хилээр гаргаагүй. Хэсэг хугацааны дараа хилээр гарсан намайг дуудаж хорих өрөөнд оруулсан. Надаас маш олон асуулт асуусан. Би чадахаараа хариулсан. Бид зочид буудлын захиалгаа өгсөн.Бид ямар шалтгаанаар буцаж байгаа талаар мэдээлэл авч чадаагүй. Гаалийн мэргэжилтэн биднийг хорих өрөөнд оруулсан. Мөн надаас гадна өөр долоон хүнийг хилээр гаргаагүй. Монголын найм болон гадаадын нэг иргэн хорих өрөөнд байсан. Бид тухайн улсад суугаа Элчин сайдын яамандаа хандсан боловч буцаж ирэхээс аргагүй байдалд орсон. Хамгийн гол нь би ямар алдаа гаргаж буцаж байгаагаа мэдээгүй. Бид орчуулагч авахыг хүссэн ч зөвшөөрөөгүй. Бидний утсыг шалгасан. Миний утсыг шалгахдаа компьютерт холбосон. Би утсаа авах талаар удаа дараа хэлсэн боловч найзтайгаа фэйсбүүкээр харьцаж байсан чатыг хэвлээд гаргачихсан байсан. Энэ бол хувийн мэдээллийн орон зайд халдаж байгаа асуудал. Бид сандал дээр унтсан. Бидэнд арван цагийн турш хөнгөн зууш нэгийг л өгсөн. Тэнд хоригдсон иргэдээс намайг хамгийн түрүүнд явуулахыг хүсэж байсан. Хорих өрөөнд өндөр настай, мөн хоёр настай хүүхэдтэй гэр бүлийг хүртэл оруулсан байсан. Бидний ачааг өгөөгүй зөвхөн гар цүнхтэй хоригдсон. Хүүхэдтэй хүнийг 72 цаг хоригдохыг харлаа. Бас хилээр гарахад дарсан дардасын талаарх мэдээллийг авахыг хүссэн. Энэ шаардлагыг Элчин сайдын яаманд хандаж байгаагаа хэллээ. Ийм олон зөрчил гараад байхад албаныханд хандаж байр сууриа илэрхийлэхийг хүслээ. Бидэнтэй зүй бусаар харьцсан тухайн улсын гаалийн ажилтанд хариуцлага тооцохыг хүсэж байна. Хилээр гарахад миний паспортыг өгсөн. Гэхдээ энэ паспорт дээр ямар шалтгаанаар дардас дарсныг мэдмээр байна. Солонгост очоод харлах зорилготой иргэд байж магад. Гэхдээ очиж байгаа хүн бүрийг ингэж хардаж болохгүй шүү дээ. Энэ бол үнэхээр дэндсэн асуудал. Тэр хорих өрөө нь өмнөхөө бодвол сайжирсан гэж байсан. Гэтэл яагаад биднийг заавал тэр хорих өрөөнд оруулан саатуулж байгаад буцаах ёстой юм. Энэ олон асуултад хариулт авахыг хүсэж шаардлага хүргүүлж байна” гэв.
0 cэтгэгдэлтэй