
Мод тарих тохиромжтой хугацаа нь хавар, намрын улиралд тохиодог. Энэ жилийн хаврын мод тариалалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн идэвхийлэн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчин анхнаас нь идэвхтэй оролцож 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар төлөвлөж, 7 томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн өнөөдрийн байдлаар 31 нэр төрлийн 2.2 сая мод, бут, сөөг тариалаад байна.
Зэвсэгт хүчний 5 ангийн харьяанд нийт 34 га талбай бүхий “Мод үржүүлэг-агро экологийн төв” байгуулж, мод, бутны суулгацын нөөцийг бий болгох зорилгоор ойн сан бүхий газараас 156 кг модны үрийг түүх, 2 сая гаруй бэлдэц харандааг технологийн дагуу бэлтгэх ажлыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 2024 онд 31 нэр төрлийн 390 гаруй мянган мод, бутыг тариалсан бол энэ онд 1 сая мод тарихаар төлөвлөөд байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хаврын мод тариалалтыг нээж хэлсэн үгэндээ “Экологийн доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэхэд байгууллага бүр, иргэн бүр тодорхой үүрэг хариуцлага хүлээж, оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага улам бүр өсөн нэмэгдсээр байгааг онцлон тэмдэглэж, тарьсан мод бүрийг технологийн дагуу арчилж ургуулахыг уриаллаа. Хаврын мод тариалалт 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд 29 нэгтгэл, анги, салбарт 10 нэр төрлийн 218 754 мод, бут, сөөгийг тариалж, усалгаа арчилгааг горимын дагуу хийх юм.
0 cэтгэгдэлтэй