Аугаа эх орны дайн: Ялалтын 80 жилийн ойн марк гүйлгээнд гарлаа

“Аугаа их эх орны дайны ялалтын 80 жил”-д зориулсан шуудангийн марк гүйлгээнд гарлаа. Энэ нь Монгол шуудангийн шинэ 1179 дэх шуудангийн марк аж. Маркийн анхны дугтуйг  нээх ёслол өнөөдөр Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болсон юм. Өөрөөр хэлбэл, Ялалтын 80 жилийн ойн маркийн дугтуйг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе, хошууч генерал Павел Петрунин, Монголын дайнд болон энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны дарга, бэлтгэл, хошууч генерал Б.Баярмагнай нарын хүндэт зочид нээв.  

Уг маркт цэлмэг тэнгэрийг бэлгэдсэн  цэнхэр дэвсгэр дээр төв хэсэгт нь Е.В.Вучетичийн бүтээл “Сталинградын тулалдааны баатруудад” зориулсан алдарт “Эх орон дуудаж байна” хөшөөг дүрсэлсэн байна. Мөн энх тайван, ялалт, цэргийн алдар хүнд, бахархлын бэлгэдэл лаврын мөчир, Георгийн туузыг маркт мөнхөлжээ. Энэ хөшөө нь ард түмнийг эх орноо хамгаалах тэмцэлд уриалан дууддаг билээ.

Эх орны сэдэвт марк нь зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нарын урласан шинэ бүтээл аж.

Марк танилцуулах ёслолыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нээж хэлэхдээ  “Юуны өмнө Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан шуудангийн сэдэвчилсэн марк гаргасан “Монгол шуудан” компанид талархал илэрхийлье. Энэ нь Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан тул энэхүү маркийг нээж танилцуулах, эхний өдрийн дугтуйг тамгалах ёслолд оролцож байгаадаа баяртай байна” хэмээлээ.

 Мөн “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51 салбараар худалдаалж эхэлсэн байна.  

Ёслолын ажиллагаанд Орос, Монголын нэр хүндтэй дипломатч, цэрэг, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг 300 гаруй зочид оролцов.

Нээлтийн үеэр дайны үеийн цэргийн дуунууд дуулж, Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын оюутнууд урлагийн тоглолтоо толилуулав.