ШУТИС-ийн хоёр баг олон улсын тэмцээнд өрсөлдөнө

Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулсан “ABU робокон-2025” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор Спортын төв ордонд өчигдөр боллоо. МҮОНРТ 2003 оноос хойш “Робокон” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг зохион байгуулж буй.

50 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг энэ удаа хүүхэд залуусын сонирхдог сагсан бөмбөгийн спортын төрлөөр зохион байгуулав. Эл тэмцээнд есөн их, дээд сургуулийн 13 баг оролцож, монголчуудын зохиосон сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөв. Тэднээс ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Түвшин электроник” багийнхан түрүүллээ. Мөн тус сургуулийн “High team”-ынхан мөнгө, Эрчим хүчний инженерийн сургуулийн “Эрчим”-ийн залуус хүрэл медаль хүртлээ. Улмаар тэмцээнийг эхний хоёр байрт шалгарсан багийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод наймдугаар сарын 24-нд болох “ABU robocon-2025” олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр болов.

Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран улсдаа зохион байгуулсан дээрх тэмцээний Шүүгчдийн зөвлөлийн тэргүүнээр Ө.Батбаяр, ерөнхий шүүгчээр А.Билгүүн, онооны шүүгчээр Ж.Баярхүү, Д.Цэцэгсайхан, А.Хулан, талбайн шүүгчээр Д.Батбилэг, А.Батзориг, Ж.Батсайхан, О.Дарханбаатар, хэмжилтийн шүүгчээр Н.Ганболд, М.Анхбаяр нар ажиллажээ. Сонирхуулахад, МҮОНРТ Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран “ABU робокон” олон улсын роботын тэмцээнийг 2019 оны наймдугаар сард Монголд анх удаа зохион байгуулахад 16 улсын 17 баг өрсөлдсөн юм.