УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.06.10/ 67.9 хувийн ирцтэй хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана. Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Л.Соронзонболд, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, Б.Тулга, О.Номинчимэг нар асууж, үг хэлэв. Төслийг 54.5 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөсөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Байнгын хороо энэ өдөр хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг байгуулж, зургаадугаар сард хэлэлцэх асуудлын цаглавраа баталлаа. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Үндсэн хуулийн цэцэд санал гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын гишүүдээс гаргасан саналын дагуу ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг баталлаа.

24° C
3586.11
0 cэтгэгдэлтэй