Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг өргөтгөх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг шийдэх шаардлага байна.
Энэ талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзах үеэрээ тодотгоод, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцлоо.
Тэрбээр, хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Засгийн газрын тэргүүний зорилт болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж буй “Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт”, “Инженер, технологийн дээд боловсрол (1000 инженер)” төсөл нь Монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Засгийн газраас хувийн хэвшлийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортыг нэмэх бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг дурдан, Япон Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарахаа илэрхийлжээ.
Экспортын өсөлт саарч, импорт тогтмол өндөр түвшинд байгаагаас худалдааны алдагдал жилд дунджаар 100 гаруй сая ам.доллароор нэмэгдэж буй нь экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгааг сайд Ж.Энхбаяр тэмдэглээд, экспортын чадавхыг нэмэх, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээлэл, сургалтыг хүргэхэд хамтран ажиллахыг хүсжээ.
Элчин сайд Игавахара Масарү Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэхэд чухал алхам болохыг онцлов. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хууль эрх зүйгээр хамгаалах нь зүйтэй хэмээгээд, тус хуулийн төслийн хэлэлцүүлэг, батлах явцад онцгой анхаарч байгаагаа хэлжээ. Цаашид улс төр, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахад бэлэн хэмээгээд, Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэх, гааль, хорио цээр, Японы стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэжээ.

-31° C
3563.19
0 cэтгэгдэлтэй