
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Орчин үеийн Оросын автомашин” үзвэрийн шоу зохион байгуулахаар болжээ. Тодорхой хэлбэл, энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбайд уг шоу болно. Оросын тэргүүлэгч Горькийн автомашины (ГАЗ) болон “Урал” үйлдвэрийнхэн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийг үзүүлнэ.
Уг үйл ажиллагаа нь бизнесийн болон соёлын хоёр хэсэгтэй. Нийслэлийн иргэд, зочид энэ өдрүүдэд анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг толилуулах юм.
Талбай дээр гарах үзэсгэлэнгийн хүрээнд зорчигчийн болон ачааны, мөн бартаат замын, цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд зориулсан 5 төрлийн автомашиныг танилцуулна.
Үүнд:
– Gazelle NN – 19 хүний суудалтай жуулчны автобус
– Gazelle Business 4×4 – 13 хүний суудалтай микроавтобус
– Sobol NN – хөргүүртэй машин
– Sobol NN 4×4 – онцгой байдлын албаны хөдөлгөөнт штаб
– Ural NEXT 6×6 – уул уурхай, барилга г.м. ээлжийн ажлын зориулалттай автобус
Хоёр өдрийн турш үргэлжлэх шоугаар шилдэг уран бүтээлчдийн тоглолт, шагналтай тэмцээн уралдаан, гэр бүлээрээ гар урлалын сургалт, хөгжмийн хөтөлбөрт оролцох боломжтой. Мөн Оросын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны загварын үзүүлбэр багтсан байна. Загварын үзүүлбэрт “Дэлхийн Орос гоо бүсгүй 2025” (mrsworld.ru) үндэсний гоо бүсгүйн болон эхчүүдийн тэмцээний ялагч бүсгүй оролцоно.
Оросын автомашин үйлдвэрлэгчид энэ үеэр хамтран ажиллах түншүүд болон мэргэжлийн хэрэглэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн аж.
Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч Денис Цветов “Өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн техникийн шийдэл, эдийн засгийн үр ашиг, бат бөх чанарыг хослуулсан машин техникийг танилцуулж байна. Горькийн үйлдвэрийн автомашинууд нь Оросын зах зээлд тэргүүлэгч төдийгүй дэлхийн олон улс оронд нийлүүлэгдэж байна. Манай туршлага Монголд ч ашигтай гэдэгт бид итгэлтэй байна. Манай автомашинууд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч, орон нутгийн хэрэгцээнд ч найдвартай туслагч болж чадна” хэмээв.
Үүнээс гадна “УРАЛ” автомашины үйлдвэрийн төлөөлөгч Евгений Ильиных “Бид боломжит түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд монголчууд манай техникийн бодит үнэ цэнийг олж харах болно гэж найдаж байна. Энэ бол цаг хугацаагаар баталгаажсан найдвартай бүтэц, хүнд хэцүү цаг уурын нөхцөл болон бартаат замд ажиллах чадвартай, ашиглалтын дээд зэргийн үр ашиг юм” хэмээв.
0 cэтгэгдэлтэй