ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН: Төмөр замыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн,

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулан, Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Та бид хамтдаа хөдөлгөж, бодитоор эхлүүлж чадлаа.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай заасны дагуу сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр зохион байгуулж, түүний үр дүнд төмөр замын барилга, гүүрийн угсралтын чиглэлээр олон улсад тэргүүлэх БНХАУ-ын 2 компани оролцсоноос “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ шалгарч, өнөөдөр бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж буй Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм стандарт царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-28 метр өндөр гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.
Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг өнөөдрөөс эхлэн 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, 2014 оны Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, Монгол, Хятадын 2 дахь төмөр зам байгуулагдаж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр зам байгуулагдах нөхцөл бүрдэж, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
Иймд салбарын сайдын хувьд энэ төслийг бодитой эхлүүлэх нөхцөл боломжийг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гарган ажилласан Монгол, Хятадын төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, албан хаагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй инженер, техникийн ажилчдад ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн түүчээ болох энэхүү төслийг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд амжилттай хэрэгжүүлэхэд салбарын сайдын зүгээс онцгой анхаарал хандуулан, ажиллах болно гэдгээ илэрхийлье.
ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ,
ГАН ЗАМ НЬ ЗУРАЙЖ, ГАЛТ ТЭРЭГ НЬ ХУРДАЛЖ БАЙХ БОЛТУГАЙ.

————-