Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд «Россия с вами» шинэ хэлбэрийн хөгжлийн төв нээлээ. Россотрудничество агентлаг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн оролцогчдын холбоотой хамтран тус төвийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тохижуулж, өндөр технологид суурилсан соёл, боловсролын орон зайг бүрдүүлжээ. Энэхүү хөгжлийн төв байгуулагдсан нь гадаад хэлийг гүнзгийрүүлэн заадаг сургуулийн түүхэнд шинэ хуудас нээж буй түүхэн үйл явдал хийгээд тус сургуулийн 500 орчим сурагч орос хэлийг үндсэн гадаад хэл болгон, өөр хэдэн зуун сурагч хоёр дахь гадаад хэл болгон судалдаг байна. «Энэ төв нь найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хүүхэд бүрийн авьяас, чадавхыг нээн хөгжүүлэх орон зай байхаар байгуулагдсан» хэмээн тус сургуулийн захирал Ш.Оюунсүрэн нээлтийн ёслолын үеэр онцлов.
Улаанбаатар дахь Русский домын захирал Алина Анисимова тус төв хүүхэд, залуус орос хэлээр харилцаж, суралцаж, мэдлэг туршлагаа хуваалцах идэвхтэй шинэ орон зай болж, орос орны талаар илүү ихийг сурч, сургалт явуулахын зэрэгцээ танин мэдэхүйн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах талбар болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр «Энэхүү тоног төхөөрөмж нь цахим хурал, шууд холболт, тэр дундаа сургуулиуд хоорондын цахим уулзалт зохион байгуулах боломжийг олгоод зогсохгүй, үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, нөхөрлөх нь Монгол, Оросын аль аль улсын сурагчдад сонирхолтой төдийгүй үр өгөөжтэй байх болно» хэмээн онцлов. Нээлтийн ёслолд Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Б.Энхбаяр, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны атташе Елена Бондаренко болон нийслэлийн хэд хэдэн сургуулийн захирал оролцлоо.
Сурагчид зочдод тус төвийн тоног төхөөрөмж, ухаалаг үзгийн тусламжтайгаар «ярьдаг» ном болон цахим зурагт хуудсыг танилцуулж, шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг эзэмшихэд анхны алхам болох DIBO угсрах иж бүрдэл ашигласан хичээлийн хэсгээс үзүүлэв. Мөн орос хэл дээрх 350 ном бүхий сан хөмрөг зочдын анхаарлыг ихэд татав.
Арга хэмжээний төгсгөлд сурагчид урлагийн тоглолт үзүүлсэн нь тэдний орос хэлний мэдлэг өндөр түвшинд байгааг, мөн Оросын соёлыг сонирхон судалдгийг тодотгон харууллаа.

-274° C
0 cэтгэгдэлтэй