“Оюутолгой” ХК баяжмалаа экспортлоход хүндрэл учирсан. Хятадын Ганцмод боомтод засвар үйлчилгээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор уг асуудал үүсээд байсан юм. 20 орчим хоног үргэлжилсэн экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, баяжмалын экспорт хэвийн горимдоо оржээ. Тиймээс Оюутолгой ХК хуримтлагдсан баяжмалыг гаргаж, жилийн төлөвлөгөөгөө гүйцээхээр тээвэрлэлтээ эрчимжүүлж байна. Экспорт хэвийн үргэлжлэх нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, цаашлаад хувь нийлүүлэгч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн хүлээгдэл саатлыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр албан томилолтоор ажилласан байна. Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр (2026.11.04) БНХАУ-ын Бээжин хотноо “Чайна Энержи” группийн Туслах ерөнхий захирал, Монгол Улстай хэрэгжүүлэх эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн дарга Кан Фөнвэйтэй уулзлаа. Уулзалтаар талууд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний экспортын тээвэрлэлтэд үүссэн саатал, хүндрэлийг арилгах, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон хамтын ажиллагааны бусад асуудлыг хэлэлцлээ.
0 cэтгэгдэлтэй