Монголын орчин үеийн зураачдын дайн байлдааны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэнэ

Энэ жил Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойг бид тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Цэргийн баяраар буюу гуравдугаар сарын 18-ны мягмар гарагт 11.00 цагт Монголын уран зургийн галерейд “АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТ – БИДНИЙ ХАМТЫН ЯЛАЛТ” үзэсгэлэнг дэлгэнэ. Монголын цуглуулагч, «Кракко» уран зургийн галерейн захирал Ч.Энхжаргал ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр агуу Ялалтын 80 жилийн ойд зориулсан “АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТ – БИДНИЙ ХАМТЫН ЯЛАЛТ” үзэсгэлэнгээ ийн  гаргах юм. Тус үзэсгэлэнд Аугаа их Эх орны дайны үед дайчдын оюун санааг дэмжих зорилгоор гаргадаг байсан ЗХУ-ын болон БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, фронтоос ирсэн захидлууд, тэр үеийн шуудангийн марк болон Монголын орчин үеийн зураачдын дайн байлдааны сэдэвт уран бүтээлүүд дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтнүүд оролцох юм байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 18-24-ныг хүртэл үргэлжилнэ.