
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад айлчилж байна. Төрийн өндөр хэмжээний айлчлалаар Чехийн талтай Боловсролын хэлэлцээрээ шинэчилж, Монголоос очих оюутан, багш нарын нөхцлийг сайжруулах, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөр илгээх оюутны тоог нэмэгдүүлэх талаар ахиц гаргажээ.
Ерөнхийлөгчийн илгээлтээр 29 оюутан сурч байна. 8 нь жил хагасын өмнө ирээд өнөөдөр байгалийн ухааны чиглэлээр 1-р курсэд, үлдсэн 21 нь Карлийн их сургуульд хэлний бэлтгэлдээ сурч байна. Эдгээр оюутнууд ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
Оюутнуудтайгаа уулзлаа. Тэдний хүсэл мөрөөдөл, зорилгыг сонсов. Харь газарт суралцаж, “Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж, Баяслыг харийн хэлээр уламжилдаг” оюутан ахуй цагт анх зорьж ирсэндээ тууштай байж, хичээж хөдөлмөрлөсөн бүхэн өөрт болон Монгол Улсын ирээдүйд хэрэг болдгийг Боловсролын сайдын хувиар хэллээ.
Илгээлтэд хамрагдсан хүүхдүүд үнэхээр хичээн суралцаж буйг харахад бахтай. Германд суралцаж буй оюутнуудын төлөөлөл болох дөрвөн оюутныг Германд суугаа элчин сайд Мандахбилэг дагуулан иржээ. Тэд бүх хичээлдээ онц дүнтэй суралцаж байгаа ажээ. Тэдний нэг болох Багануур дүүргээс шалгарсан Сүнжидмаа охин био технологиор суралцаж байна. Сурах чиглэлийг эрхэм болгож, хандах зүгээ тогтоосон суралцагч нарын үгийг сонсоход таатай. Архангайн Чулуут сумаас ирсэн Цэндхишиг охины нутгаас гарахдаа ээж аав, элгэн садандаа үнсүүлээд алс газар сурахаар мордох агшинг видео бичлэгээс үзээд уулзалтад оролцогчид сэтгэл догдолсон мөчийг өнгөрөөв. Эдгээр оюутнуудтай 10, 20, 30, 40 жилийн дараа уулзахсан. Тэд Монголын ирээдүйг авч явах мундаг хүмүүс болсон байхыг харах сайхан. Энэ санааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлж байв. Тэвэрч даахгүй ч сэтгэлдээ тээж явдаг эх сайхан орныхоо мундаг эзэд болохыг оюутнууддаа хүсэн ерөөе.
0 cэтгэгдэлтэй