Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, эрчим хүчний салбарын үнэт капитал 17800 ажилтны эрхийг хамгаалах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.
А.Дагвадорж: Б.Найдалаа сайд ажилтнуудаа нялх нярай гэж улстөржүүлж хандсандаа уучлал гуйх ёстой
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч) А.Дагвадорж 2026 он гарснаас хойш зургаан сарын хугацаанд салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах шаардлагыг Засгийн газар болон холбогдох яаманд удаа дараа тавьж буйгаа мэдээллийн эхэнд тодотголоо. Тэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны Хамтын хэлэлцээр”-ийн 3.2 дахь заалтыг үндэслэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү болгох нэмэлт өөрчлөлтийг баталж, мөрдүүлэх шаардлагыг тавьж буй. Тэрбээр “Б.Найдалаа сайд биднийг нярай хүүхдийн хэмжээний асуудал ярилаа, цалин нэмэх нь нэгдүгээр асуудал биш гэж даапаалсан. Монголын эрчим хүчийг нуруун дээрээ авч явж байгаа ажилтнуудаа нялх нярай гэж улстөржүүлж хандсандаа уучлал гуйх ёстой.1990 оноос хойш шинэчлээгүй тоног төхөөрөмжийг өнөөдөр ашиглаж байна. Ажилтнууд маш эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөрлөдөг. Энэ бүгдийг үл хэрэгслээ. Ерөөс сонгууль дагаж, сайд солигддог, сайд дагаж газрын дарга, мэргэжилтнүүд халагддаг асуудал нийтэд ил болсон. Өнөөдөр ч Б.Найдалаа сайд халаа сэлгээ удирдлагын түвшинд болох нь гэсэн мэдээлэл байна. Эхнээсээ хүмүүсээ шахаад байгаа юм билээ. Энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдсан, цалин бага, хариуцлага өндөр, ажиллах нөхцөл хүнд, дарамт стресс хэрээс хэтэрснийг тоох сайд, дарга алга. Сайд эхлээд өвөлжилтийн асуудлаа шийднэ гэсэн. Гэтэл тэр асуудлыг чинь нөгөө нялх нярай гээд байгаа ажилтнууд шийддэг юм” хэмээсэн.
Д.Эрдэнэбат: Дэлхийн хэмжээнд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин 20-30 мянган ам.доллар байдаг
МЭХГУУ-н Үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчим хүчний салбарт нийт 17,800 орчим хүн ажиллаж байгаагаас 14 мянга гаруй нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр бүртгэлтэй. Салбарын ажилтнуудын үндсэн цалин дунджаар 1.8–2.5 сая төгрөг бөгөөд энэ нь хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогтой харьцуулахад хангалтгүй түвшинд биш. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин 20-30 мянган ам.доллар байдаг.
Эрчим хүчний салбар хөдөлмөрийн хүнд, халуун, хортой нөхцөлд ажилладаг онцлогтой. Тухайлбал, ДЦС-3-т гэмтэл гарсан тохиолдолд өдрийн ээлжинд ажиллаж байсан ажилтан ажлаа дуусгаад орой гэртээ харих боломжгүй болж, осол гэмтлийг завсарлаж дуустал хүртэл ажиллах шаардлага үүсдэг. Мөн ДЦС-4-ийн зууханд гэмтэл гарсан үед цельсийн 70 хэмийн халуун орчинд ажилтнууд хувцсаа норгож өмсөөд л гагнуурын ажил гүйцэтгэсэн. Түүнчлэн байнгын чийгтэй, хуурай, тоосжилт ихтэй орчинд ажилладаг. Ийм нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалин 1.8 сая төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай. Тийм учраас ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа юм.
Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 26.2 дугаар зүйлд заасны дагуу эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6 600 ажилтнуудаас санал асуулга авахад 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх хороо хуралдаж, 2026 оны зургадугаар сарын 30-наас эхлэн ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргасан” гэв.
Ш.Энхсаран:Нэг киловатт дулааны эрчим хүчийг 28 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 2320 төгрөгөөр борлуулж байна
Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран “Манай цахилгаан станцын үндсэн тоноглолууд насжилт өндөртэй, нийт ажиллах ёстой хугацаанаасаа бараг 10–15 хувиар илүү ажиллачхаад байна. Өнөөдрийн байдлаар нэг зууханд их засвар хийх шаардлагатай бол бид өртгийнхөө дөрөвний нэг буюу 25 орчим тэрбум төгрөгөөр их засвараа хийж байгаа юм.
Дараагийн тулгараад буй хүндрэл бол тарифын асуудал юм. Өнөөдрийн байдлаар манайх нэг киловатт дулааны эрчим хүчийг 28 мянга орчим төгрөгөөр үйлдвэрлээд, дулааны шугам сүлжээнд 2320 төгрөгөөр борлуулж байна. Үүний зөрөөг манай байгууллага үүрч яваа. Тарифын алдагдалтай ажиллаж байгаа тохиолдолд ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй байгаа юм.
Өнөөдрийн тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол тарифтай холбоотой байна. Бид их засвар, урсгал засвараа хангалттай хийж чадахгүй байна. Ажилтнууд илүү цагаар маш их ажиллаж байна. Ажилтнуудыг илүү цагаар ажиллуулж байгаа ч тэдний илүү цагийн хөлсийг бүрэн олгож чадахгүй байна.
Цалингаа тавихын тулд бид сардаа тэрбум, түүнээс дээш төгрөгийн зээл авч, цалингаа тавих нөхцөл байдалд ороод байна. Эрчим хүчний салбарт ажиллагсад хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг. Жилд дунджаар 150–170 хүн ажлаас гарч байна. Үүний 50 орчим хувь нь өөрийн хүсэлтээр гардаг. Эрчим хүчний салбарт ажилтан хамгийн багадаа гурван сарын хугацаанд дадлагажсаны үндсэн дээр үндсэн ажилтан болж, 5–10 жил ажилласны дараа мэргэшсэн ажилтан болдог. Гэтэл ийм хугацаанд тогтвортой ажиллах хүн олдохгүй байна. Манай ажилтнууд ихэвчлэн 3–4 жил ажиллаад ажлаасаа гарч байна.
Ажлаасаа гарч буй ажилчид “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд маш өндөр хариуцлага хүлээж ажиллаж байгаа ч цалин хангалтгүй байна” гэдэг шалтгааныг л хэлдэг.
Эрчим хүчний салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Эрчим хүчний яаманд маш олон удаа хэлсэн. Хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сард эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бид тохиролцоонд хүрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн арга хэмжээ бол ажил хаялт гэдэг нөхцөл байдалд хүрчхээд байна. Манай ДЦС-3 ТӨХК-ийн хувьд 970 ажилтны орон тоотой. Үүнээс ажил хаялтыг дэмжих эсэх тухай санал асуулгад 808 ажилтан хамрагдсан. Үүнээс 805 ажилтан ажил хаялтыг дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлж, гарын үсгээ зурсан гэдгийг онцлоод ажил хаялтад оролцоно гэдгээ илэрхийллээ.

22° C
3590.58
0 cэтгэгдэлтэй