
Улсын төсвөөс 2020-2023 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 10 тэрбум төгрөгийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зарцуулсан. Гэсэн ч гэр бүлийн хүчирхийлэл жил тутам нэмэгдэж, ноцтой хэлбэр рүү шилжиж байгааг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ-ын захирал Н.Арвинтариа ердөө хэдхэн хоногийн өмнө анхааруулж, “Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хувь хүний хариуцлага биш. Энэ бол төрийн ч гэсэн хариуцлага юм шүү. Та бидний өнөөдрийн зүтгэл, хамтын шийдвэр маргааш хэн нэгний амь насыг аварч чадна” хэмээж байв. Тодорхой хэлбэл, тавдугаар сарын 14-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр тэр үндсэн илтгэл тавихдаа ийн хэлсэн билээ. Түүний хэлснийг батлах шиг аймшигт хэрэг өнгөрсөн баасан гарагт Жем молл дэлгүүрт гарав. 35 настай эр гурван хүүхдийнхээ ээжийг олон арван удаа хутгалж хөнөөгөөд, өөрийгөө ч мөн сийчиж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг олон нийтийг айдаст автуулав. Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан эмэгтэй 10-аад жилийн өмнө нь “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөр үйлчлүүлж байсан аж. Хосууд гурав хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулах байжээ. Цагдаагийн байгууллага хэрэгтнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өмнө нь ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэй хүн биедээ мэсний маш олон шархтайгаар амиа алдсан аймшигт хэргүүд гарч байсан. 2021 онд Булган аймагт нэгэн эр салсан эхнэрээ хүүхдүүдийнхээ нүдэн дээр арав гаруй удаа хутгалж хөнөөж байв.
2017-2024 онд 9610 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 116 хүн нас барж, 8000 шахам хүн гэмтсэн байна. Гэтэл криминологи шинжилгээ, судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн 10 гэмт хэрэг тутмын нэг нь л илэрч, үлдсэн ес нь нуугдмал үлддэг аж. Өөрөөр хэлбэл, хэрэг даамжирч дээрх шиг ноцтой хэмжээнд хүрсний дараа сая нэг юм ил болдог гэсэн үг. Ноцтой гэдэгт цахим хэлбэрээр мөрдөж, заналхийлэн, амиа хорлох хүртэл нь дарамтлах, эсвэл амийг нь хохироох хэлбэрүүд тооцогдоно.
Гэр бүлийн хүчирхийлэл хот хөдөөгүй ихэссэн. Тодорхой жишээ хэлбэл, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хамгаалах байранд 2024 онд 336, он гарсаар 38 иргэн хандаж, эрх зүйн тусламж үйлчилгээ авсан байна. Энд ар гэртээ “ад үзэгдсэн” эмээ, өвөө, бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насныхан, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд, нялх нярай хүүхэд гээд нас насныхан энд ирдэг. Хамгийн бага нь тав хоногтой нярай, ахмад нь 85 настай буурай аж. Хамгаалах байрныхан хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, тодорхой хугацааны дараа гаргадаг ч зарим нь хүчирхийлэлд өртөж, эргээд ирдэг. Энэ шалтгаанаар нэг үйлчлүүлэгч хамгаалах байранд 176 хоносон тохиолдол ч гарчээ. Тиймээс үйлчилгээ үзүүлсэн иргэнээ гаргахдаа аймгийн Хамтарсан баг хуралдаж, ар гэрийнхний аюулгүйн түвшнийг нь үнэлдэг болжээ. Хэрэв зээ аюул арилаагүй гэж үзвэл, хамгаалалтдаа үлдээдэг. Ховдын хамгаалах байранд 11 хүн ажилладаг. Энд гурван сэтгэл зүйч, гурван жижүүр, үйлчлэгч, нийгмийн ажилтнууд 24 цагаар ээлжилж ажилладаг. Одоогоор тогоочгүй байгаа аж. Мөн байнгын асаргаатай иргэнийг тойлох асрагч үгүй гэнэ. Гэхдээ дээрх 11 ажилтан өөрсдөө тогоочоо, асрагчаа гээд бүхнийг хийдэг юм байна. Эл хамгаалах хоёр давхар байрыг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд улсын төсвийн 670 сая төгрөгөөр байгуулсан аж. Улмаар хамгаалалт хэрэгтэй хоёр хүүхдэд үйлчилж, үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл энэ мэтээр хот, хөдөөгүй даамжирч, ноцтой хэмжээнд хүрсэн нь хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл буурч, ёс суртахууны уналтад орсонтой холбоотой. Нэмж дурдах шууд хамаарлууд гэвэл ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гүнзгийрэл, архидалт, жендерийн уламжлалт хандлагууд юм. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн дорвитой бодлого, төлөвлөлт төрд байхгүй. Энэ утгаараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, мэдээллийн сан байхгүй, статистикийн уялдаа сул, салангид байна. Мөн санхүүжилт тогтворгүй, төсөв дутмаг байгаа нь АНУ “крантаа хаахад” шууд мэдрэгдсэн. Эндээс манай гэр бүл хүүхэд хамгааллын төвүүд олон улсын төсөл, хөтөлбөрөөс хамааралтай явж ирснийг харж болно.
Эргэж харах ёстой өөр нэг асуудлыг иргэд Тахарын алба сэргээх, эсэх асуудал хэмээн бичиж байна. Үнэндээ ч 2014-2016 оны хооронд ажиллаж байгаад татан буулгасан эл алба гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүгдэгч, оролцогчийг албадан ирүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.
Шүүх хуралдааны үеэр цагдаа хохирогчийг хамгаалдаг. Энэ нь зөвхөн шүүхийн байранд үйлчилдэг. Харин шүүхийн байрнаас гарсан хохирогч ямар нэг хэмжээгээр айдастай явдаг. Тахарын алба гэж байхад гол үүрэг нь шүүхийн шатанд гэрч, хохирогчийг хамгаалах байсан. Магадгүй Тахарын албыг татан буулгаагүй бол гэр цуцлуулах өргөдлөө өгсөн иргэн, мөн хамгаалалт хэрэгтэй өөр хэн нэгэн шүүхийн байрнаас гарахдаа айдасгүй явж чадах байсан болов уу. Мөн гэр бүлийн хүчирхийлэл даамжрахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
Нөгөөтээгүүр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл жилийн өмнө Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа “Олон хүн Тахарын албыг гэрч хохирогчийг хамгаалах талд ажиллуулах нь илүү зөв гэсэн асуудлыг хөндөж эхлээд байна. Одоогоор хуулийн төсөл боловсруулж буй. Гэхдээ ирэх онд энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлнэ. Тахарын албын үндсэн зорилго нь шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг хүлээж байв. Амжилттай ч ажилласан. Гэвч 2016 оны сонгуулийн дараа Тахарын албыг татан буулгаж, зарим чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжүүлэх зэргээр өөрчилснөөр гэрч, хохирогчийг хамгаалах тусгай субъект байхгүй болж, энэ хооронд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Жишээ нь 2024 оны долдугаар сард хохирогч 21 настай залуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эрүү шүүлтэд өртсөн байдаг. Энэ асуудалтай холбоотой гомдлыг тэрбээр амиа алдахаасаа олон сарын өмнө Авлигатай тэмцэх газарт өгсөн. Гэвч олон сар болсон байтал энэ асуудлыг тус газар шалгаж тогтоогоогүй. Эцэстээ хохирогч Урьдчилан саатуулах байранд амь насаа алдсаны дараа Авлигатай тэмцэх газрын зүгээс “Таниулах ажиллагаа хийгдээгүй байтал сэжигтэн хохирогч амь насаа алдсан” хэмээх мэдээллийг өгч байсан юм.
Тухайн хэргийг шалгаж байсан тус газрын мөрдөгчийг Авлигатай тэмцэх газар нь ажлаас нь чөлөөлснөөр хариуцлагын асуудал хаагдсан байх жишээтэй. Иймээс Тахарын албыг сэргээх асуудал олон нийтийн хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн асуудал болж хувираад байна.
Тахарын албыг сэргээх эсэх тал дээр зарим судлаачийн байр суурийг авлаа. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тууштай ажиллаж ирсэн Н.Арвинтариа “Тахарын албыг сэргээх нь зөв. Цагдаагийн дэргэдэх Гэрч, хохирогчийг хамгаалах алба бол хэцүү дээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах зорилгоор 1995 оноос хойш тогтвортой ажиллаж буй, аливаа нам, шашны байгууллагаас ангид, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Энэ туршлага дээрээ үндэслээд Тахарын албыг сэргээх нь нийгэмд хэрэгтэй. Одоогоос 13 жилийн өмнө нэг үйлчлүүлэгч маань шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацааг дуусгаад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх рүү явах замдаа нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Энэ бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн амь нас ямар эмзэг, хамгаалалтгүй байгаагийн бодит жишээ” хэмээсэн.
Хууль зүйн ухааны доктор, профессор, судлаач Б.Батзориг Тахарын албыг сэргээх нь гэр бүл дэх хүчирхийллийг бууруулахад нэмэртэй хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал тэрбээр “Тахарыг ерөнхий газрыг сэргээснээр Иргэний шүүхийн ажил сайжирна. Иргэний шүүх хариуцагчийг эрэн сурвалжилж, олж тогтооход хүндрэлтэй. Тахарын алба байхад дор нь олоод л ирдэг байсан. Эрүүгийн шүүх хуралдаанд гэрч ирэхгүй бол Тахар бас л албадан авчирдаг байлаа. Гэрч хохирогчийг хамгаалахад чухал үүрэгтэй алба байсан” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Төгсгөлд нь хэлэхэд өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Манай улсад ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарч буйд эмзэглэж байгаагаа илэрхийлээд ийм жигшүүрт үйлдлүүд бол ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байгааг хэллээ. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг сануулсан. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Мөн ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллана” хэмээн амласныг тэмдэглэн үлдээе.
Сэтгүүлч Г.Өлзийбат
0 cэтгэгдэлтэй