
Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулаад байгаа билээ. Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад очиж ажиллан хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувиар бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ тухай сайд нарын байр суурийг хүргэе.
Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр “Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллаад ирлээ. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна.
Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж байна. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги мандлаар гэхэд экспорт чөлөөтэй гарч байна. Боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээ хүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна” гэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна. Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаар шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд явж чадахгүй болчихоод байгаа. Биржийн асуудлыг шат дараатай шийдээд явж байгаа. Төр ,төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана” гэсэн юм.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мөн “Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүссэн. Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авахгүй зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина. Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ. Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна” хэмээх мэдээллийг өглөө.
0 cэтгэгдэлтэй